|

СУРВАЛЖИЛГА: Шинэ даашинз нүд гялбам ч ХУУЧИН ЦЭЦЭГТЭЙ ЦАМЦАНДАА ХАЙРТАЙ байж болно шүү дээ

Өнөөдөр олон  улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөр.  Олонх нь ээж аавынхаа гэнэтийн бэлгэд хөөрөн догдолж, зарим нь ямар бэлэг авахаа захиална. Хэдийгээр энэ өдрийг томчууд,  шийдвэр гаргах төвшнийхөн  “хүүхдийн эрхийн асуудал”  хэмээн илүү томруунаар ойлгохыг уриалдаг ч “хүүхдийн баяр” гэж л хүлээн авцгаадаг.

Гэхдээ бидний дунд бэлэг биш, зөвхөн ээж, аавыгаа л хүлээдэг бяцхан зүрхнүүд чимээгүйхэн  амьдардгийг тэр бүр мэддэггүй.

Манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцсийн гэр хороолол дунд байрлах “Эрдэм” хүүхдийн асрах төвийг зорьсон юм.

 

 

Хашааны хаалганд дөхөж очмогц арав гаруй настай бололтой  хүү “Зөвхөн нэг нь л орно шүү” гэсээр угтлаа.

Хөл хорионы  нөхцөл байдалд тохируулан эрсдэлээ тооцоолж, гаднаас орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан нь энэ ажээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан сурвалжилга хийх зөвшөөрлийг урьдчилж авсан байсан тул  сурвалжлагч  миний бие камераа  үүрсээр дотогш нэвтэрлээ.

Хашаан дахь орчин цэвэр цэмцгэр агаад таримал модод, хүүхдийн тоглоомын хэсэг харагдах ажээ.  Хажууханд  хоёр охин цементэн шалан дээр зураг зурж  байв.

 

 

“Эрдэм” хүүхэд асрах төв нь нийгэм дэх эмзэг бүлгийн хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг хүчирхийллээс  хамгаалах, сурах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилготойгоор 2006 онд буюу одоогоос  15 жилийн өмнө байгуулагджээ.

Энэ хугацаанд 130-140  хүүхдэд асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлснээс мэргэжил эзэмшиж, их, дээд сургууль төгсөн дээд боловсрол эзэмшсэн   хүүхдүүд олон бий.

 

Багш, жолооч, уул уурхай, үүрэн телефон, банкны салбар хариуцсан мэргэжилтэн гэх мэт олон мэргэжилтнүүд энэ  л буйдхан асрамжаас амьдралд хөл тавьсан гэнэ. “Эрдэм” асрах төвийг анхнаасаа гэр бүл, ах дүүсийн хүрээнд нийгэмдээ чиглэсэн сайн үйлс хийх зорилгоор байгуулсан учир  8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг аж.

Хуулийн чиглэлээр ажилладаг нэг нь хүүхдийн эрх зүйн асуудлыг хариуцдаг бол гадаад хэлний мэдлэгтэй нь  багшлах зэргээр боломж нөхцөлдөө тохируулан тасралтгүй  ажиллаж байна. Бид “Эрдэм” хүүхдийн асрах төвийг үүсгэн байгуулагч А.Өнөртэй уулзаж хэдэн хором ярилцсан юм.

 

 

Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу  асрамж халамжийн төвүүд хүүхдүүдийг насны ангиллаар авдаг байх  үед “Эрдэм”  төв  зөвхөн 7-оос дээш насны хүүхэд хүлээж авдаг      байж. Харин сүүлийн  үед  бага насны хүүхдүүд ирэх нь  ихэсчээ. Энэ нь хот суурин газрын  төвлөрөл, гэр бүлийн хүчирхийлэл гаарсантай холбоотой.

“Эрдэм” төвийн хүүхдүүдийн хамгийн бага нь 11 сартай бол том нь 23 настай.  Анх гэр бүлийн хүрээнд үүсгэн байгуулсан төв нь  өдгөө нийгэмд хариуцлага үүрэх болсон тул  хоол хүнс, ариун цэвэр, аюулгүй байдлыг ч чухалчилдаг гэдгийг үүсгэн байгуулагч А.Өнөр гэх намуухан дуутай эмэгтэй бидэнд учирлаж байлаа.

 

 

Өөрсдийн нөөц бололцоогоор төсвөө батлахаас гадна хүүхдийн төлөө сэтгэлтэй сайн хүмүүс, албан байгууллагуудыг дэмжлэгээр  чанартай хоол хүнсээр тогтмол хангадаг аж. Жишээ нь  “Гацуурт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хотын бүх асрах төвийг  хүнсний ногоогоор хангадаг бол үндэсний үйлдвэрлэгч “Мах Импекс” компанийн зүгээс үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг гэнэ.

Хүүхдүүдийнхээ хувьд ээж нь болсон А.Өнөр “Хөл хорионы өдрүүдэд бид дата гэдэг зүйлийг теле болон онлайн хичээлдээ их хэрэглэлээ. Аль болох хүүхдийн хичээлийг тасалдуулахгүйг хичээдэг. Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар гэж  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бий. Тэндээс асрамж халамж анхаарал тавьж улиралдаа эсвэл сардаа ариутгал сайн хийж өгдөг. Аль аль талдаа улс оронд даяар хүнд нөхцөл байдлыг давах гэж хичээж байна” хэмээн үргэлжлүүлэн  ярихтай зэрэгцэн “энд байгаа хүүхдүүдийг ээж, аав нь хүүхдийн баяраар ч болов эргэж ирдэг болов уу” гэх  бодол салахгүй л байлаа.

 

 

Хүлээж төвдөлгүй асуусан  асуултын минь хариулт миний сэтгэлийг гонсойлгож орхив. Томчуудын алдаа,  хариуцлагагүй байдал, ороо бусгаа нийгмийн золиос болсон  тэдгээр хүүхдүүдийн эцэг эх эргэж  тойрох нь маш ховор,  1 хувь ч хүрэхгүй гэнэ.

Нөгөө талаас нэг хүүхдийг архины хамааралтай  эцэг, эхтэй уулзуулахад бусад хүүхдүүдийн эрх зөрчигдөх асуудал ч гардаг  байна.

Архи  уусаар хүүхдээ асрах газарт өгсөн  аав, ээж хүүхдийг нь хамгаалж буй  газрынхаа гадаа ирчхээд орилж хашхичих, агсамнах тохиолдол ч гардаг аж. Энэ мэт  таагүй уур амьсгал  хүүхдүүдийг айлгаж, ичээхээс хэтэрдэггүй тул ар гэртэй нь уулзуулахдаа мэргэжлийн байгууллага буюу  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын асрамж, халамж хариуцсан мэргэжилтэн, хорооны нийгмийн  ажилтныг байлцуулж зохион байгуулдаг аж.

 

 

Нэгэнт хүүхэдтэйгээ уулзахаар яардаг ар гэр ховор тул  асрамжийн төв дотроо дорвитойхон баярлуулахыг хичээсээр иржээ.  Тус төвийн үүсгэн байгуулагч  болох А.Өнөр  “Асрах төвийн хүүхдүүд гэхээр л өгсөн юм бүхэнд баярлах албагүй. Тиймээс хүүхдийн баярын өдөр ямар хоол идэх,  ямар хувцас өмсөхийг  хүүхдүүдээсээ асууна. Шинэ даашинз нүд  гялбам ч хуучин цэцэгтэй цамцандаа л хайртай байж болно шүү дээ. Энэ л хүүхдийг эрхийг дээдлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах  наад захын соёл, хандлага юм” гэх үг үнэхээр л нэгийг бодогдуулж байлаа.

 

 

 

“Хүүхдүүдээ аль болох үрчлүүлэхгүй байж нас биед хүрээд амьдралаа өөрөө зөв сонгоосой гэж хүсдэг, сурах  хөгжих, зорилгоо тодорхойлсон, үргэлжлүүлэн бусдын туслалцаа хэрэгтэй  насанд хүрсэн хүүхдүүдээ ч “Одоо манай төвөөс гар” гэж шахдаггүй.   Асрах төвөө  гэрээ гэж бодсон, сурах хэрэгтэй гэдгээ ухаарсан хүүхдүүд тун гайгүй амжилттай явдаг.  Тэдэндээ эвтэй, гэр бүлсэг бай гэдгийг л захиж сургадаг”  тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

Түм түжгэнэж, бум бужигнасан их хотын  захад  өрнөх  ийм нэгэн буйдхан амьдралаас бэлтгэсэн сурвалжилгаа уншигч танд хүргэлээ.

Нээрээ л  “Шинэ даашинз нүд гялбам  ч хуучин  цэцэгтэй цамцандаа л хайртай байж болно шүү дээ”…

 

Т.НОМИН

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *