Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт иргэдийг оруулдаг болно
Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Иймд өнөөдөр Засгийн газрын хуралдаан болжээ.
Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө:
-Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогоор дараах дөрвөн шийдвэрийг гаргаад байна.
Нэг. Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт иргэдээ оруулдаг болох чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Иргэд насны ангиллаас хамааран үзлэгт орно. Мөн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг мэдээллийг цахим системд оруулах шийдвэр гарсан. Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хавдрын өвчлөл, гуравдугаарт гэмтэл, хордлого гэх мэт гаднын шалтгаан бий.
2020 онд 6702 хүнийг хавдартай гэж оношилжээ. Тэдний 73 хувийг хожуу үедээ буюу хоёр болон гуравдугаар шатандаа орсон байжээ. Иймд эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг гаргах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна.
Хоёр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг ААН-үүд хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол торгууль төлдөг. Цаашид төлбөр аваад өнгөрөх биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг төрийн байгууллагууд биелүүлэх үүрэг өглөө. Мөн Ерөнхий сайд өөрийн ажлын албандаа Ч.Ундрахбаярыг Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллуулах болжээ. Тэрээр “Түгээмэл хөгжил” төвд ажилладаг юм байна. Мөн хувийн хэвшлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахыг уриаллаа.
Гурав. Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдэх талаар ч ярилцлаа. Ерөнхий сайд хотын даргатай хамт нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Энэ дагуу дараах чиглэлийг өглөө. Түгжрэлийг бууруулах нүхэн гарц хийх төсөлтэй танилцаад 2022 оны улсын төсвөөс санхүүжилт гаргах болжээ. Мөн Гандан орчмыг тохижуулах зардлыг ирэх оны улсын төсвөөс гаргана.
Дөрөв. 8768 иргэнд ажлын байрыг дэмжих, гурван хувийн хүүтэй зээл олгожээ. Нийт 668 мянган ажлын байрыг энэ зээлийн дагуу хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар нийт 2 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийн зээлийг 16 мянган иргэн, ААН-д өгчээ. Хэрэв шаардлагатай бол энэ зээлийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Ингэснээр нийт 3 их наяд төгрөгийг энэ зээлд зарцуулна.