Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулна
Хөдөө орон нутагт байгаа боловсон хүчнийг чадваржуулах, цаашдаа бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал юм. Өмнө нь бас Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт Их дээд сургуулиудын тодорхой салбар сургуулиудыг нүүлгэх тогтоол гарч байсан. Гэхдээ харамсалтай нь амьдралд огт хэрэгжиж байгаагүй.
Өнөөдөр МУ-д 88 Их дээд сургууль бий. 150 мянга орчим оюутан сурагчид суралцдаг. Үүний бараг 143 мянга нь Улаанбаатар хотод суралцаж байна. Дөнгөж долоон мянган оюутан буюу нийт оюутны таван хувь нь хөдөө байгаа 8 Их дээд сургуульд суралцаж байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлэм тоо баримт. Гэхдээ бид нар Их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагчдыг буруутгаж болохгүй.
Хот хөдөөгийн боловсролын ялгаа бүх түвшинд бий болсон. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна.
Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт, судалгааны цогцолбор байгуулж 10-15 мянган оюутныг сургах ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Хэрэв энд уул уурхайн мэргэжлийн хөтөлбөртэй болбол Улаанбаатарын их дээд сургуулиудад хөтөлбөрийн давхцал гаргахгүй. Одоогоор Эрдэнэт, Дарханд оюутны дотуур байр, сургуулийн барилгын ердөө гуравны нэгийг ашиглаж байна. Тиймээс хичээлийн байруудыг өргөтгөл хийх замаар байгуулна. Харин Өмнөговь аймагт шинэ цогцолбор барина.
Мөн ахлах сургуулийн төрөлжсөн сургууль, МСҮТ, коллеж хэлбэрээр сургалтын хэлбэртэй байх болно. Нэг үгээр Улаанбаатарт авдаг дээд боловсролын сургалтын чанарыг хөдөө орон нутагт ч авах боломжийг бүрдүүлнэ. Оюутныг төгсөхөөс өмнө ажлын байртай болгодог сургуулиуд ч бий.
Хөдөө орон нутгийн их дээд сургуульд суралцах оюутанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, ипотекийн зээл олгох, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно” гэлээ.
Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.
Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина” гэв.
Г.Ендон: Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.Тэрээр “Хайгуул олборлолт нь ашигт малтмалын тухай хуулиар явдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар боллоо.
Мөн Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод энэ төрлийн бүтээгдэхүүний гадаад дотоод зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, шударга болгоно гэж заасан. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ” гэлээ.
Н.Тавинбэх: “Тавантолгой ДЦС-ыг барихад 808 сая ам.доллар шаардлагатай
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тавантолгой ДЦС-ын тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тендерийг энэ долоо хоногт зарлана.
“Засгийн газраас улсын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор шинээр 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Үүнээс төр өөрөө барих 450 мегаватт хүчин чадалтай Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг энэ долоо хоногтоо зарлана.
Энэ станц говийн бүсийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна томоохон төсөл, үйлдвэрийн хэрэглээг хангаж шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нөөцөд нийлүүлэх боломжтой. Томоохон төсөл дунд Оюутолгой багтаж буй. Оюутолгой нь Хятадаас 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг авч байна. Үүнийг орлох боломжтой.
“Тавантолгой ДЦС-ын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан ба 808 сая ам.доллар шаардлагатай. Энэ эх үүсвэрийн 30 хувийг Засгийн газар гаргаж 70 хувийг зээлийн хөрөнгөөр хангана” гэлээ.