Согтуугаар жолоо барьж, цагдаагийн албан хаагчийг мөргөж гэмтээжээ
Өчигдөр 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ.
Жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% байсан аж. Харин осол гаргасан жолооч “Би хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Машиндаа жоохон уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо” гэжээ. Одоогоор тус хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн энэ сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Приус маркийн автомашины жолооч нь жолоо барьж байх үедээ зорчигчдын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гурван хүний амь насыг хохироосон зам тээврийн осол бүртгэгджээ.
Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.