МАН-ын 100 жилийн ойн СЮРПРИЗ
Шүүгч нарын ёсзүйгүй бичлэгүүдэд нийгмийн анхаарал төвлөрч байх зуурт МАН, МАХН 100 жилийн ойн сюрпризээ бэлтгэж байна. Нийгмийг шуугиулаад байгаа шүүгч нарын бичлэг, араас нь хөврөх цагдаагийн байгууллагын мэдээлэл, жагсаал зэрэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хар PR-ийн эхлэл төдий.
МАН, МАХН аль аль нь нэгдлээ албан ёсоор зарлаагүй ч тэднийг хэдийн гар барьсан тухай мэдээлээд эхэллээ. Гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН энэ удаа ямар ч аргаар хамаагүй ялалт авахаар эртнээс бэлтгэж. Ингэхдээ саналыг нь хувааж, дахин ялагдуулах эрсдэлтэй МАХН-тай нэгдэж Н.Энхбаярын Э.Батшугарыг нь нөхөн сонгуулиар гаргаж ирэхээр тохиролцсон гэх.
МАХН-ын дарга Н.Энхбаяр 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад орох үеэрээ “100 жилийн ой бол үнэхээр том, түүхэн үйл явдал. Үүнийг зөвхөн Ардын нам, МАН-ын ой юм шигээр булаалдах хэрэггүй. Энэ бол монголд улс төрийн нам үүссэн ой. Тийм учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудын баяр.Ардын нам гэж нэг хэсэг нь нэрлэе гэсэн байгаа юм. Нөгөө хэсэг нь оросын нөлөөгөөр Хувьсгалт нам гэж нэрлэе гэсэн. Ингээд маргалдаж маргалдаж 1921 оны гуравдугаар сард хуралдахдаа дотооддоо Ардын нам, гадаадад Хувьсгалт нам байя гээд хоёр нэрийг зэрэг хэрэглэхээр тогтсон.
Тийм учраас энэ хоёр нэр хоюулаа 100 жилийн настай. Бид нэг угшилтай. Гэхдээ МАН-ын нөхдүүд нэг хэсэг олонхоороо шийдсэн, болоо гээд ширээ шаадаг байдалтай байсан. Харин бид үгүй, цөөнхийг эрх ашгийг дандаа бодолцох ёстой гэдэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл өнөөдрийн олонх маргаашийн цөөнх болж болно гэдэг зарчим дээр тулгуурласан социал демократ үзэлтэй нам.
МАНАН-гийн эсрэг тэмцье, байгалийн баялгийг ард түмний өмч болгоё, Оюутолгойн гэрээг буруу байгууллаа гэдэг дээр бидний зам салсан. Гэтэл сүүлийн үед МАН-ын удирдлагууд Оюутолгойн гэрээ буруу байсан юм байна, Дубайн гэрээ бүр буруу, байгалийн баялаг чинь ард түмний өмч юм биш үү, МАНАН гэдэг үзэгдэл ямар аймар үзэгдэл вэ гэж ярьж эхэлсэн. Ингэж бидний байр суурь, ярьдаг зүйл ойртож эхэлсэн.
Дарга бол ирнэ, явна. Солигдоно. Тэгэхээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хүмүүс намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй. Түүнээс биш би энд нийлнэ, нийлэхгүй гээд мэдэмхийрээд суумааргүй байна. Ямар миний хувийн компани биш. Энэ бол хоёр намын дарга нарын шийдэх асуудал биш. Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга гишүүдтэй хуралдаад шийдэх хэрэгтэй. Тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй.
Хоёр намын гишүүдийн олонх, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ” гэх зэргээр ярьсан нь намуудын тохиролцоог баталж буй.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх өвөртөлж ирсэн С.Ганбаатар хэрхэх нь тодорхойгүй байна. С.Ганбаатарын Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээг шинэчлэх ёстой гэх байр суурь, Сүхбаатарын талбай дахь өлсгөлөнг нь Ерөнхийлөгч Х.Баттулга ил, далд дэмжсэн нь Н.Энхбаяртаа жийгдэж, “том хүн” бараадсан гэх хардлагыг төрүүлж буй.
Одоогоор МАН, МАХН нэгдлээ албан ёсоор зарлаагүй ч гуравдугаар сард болох 100 жилийн ойгоороо сюрприз барихаар зэхэж буй бололтой.
ivoice.mn