|

Саятан Герман овчарк Мадоннагаас худалдаж авсан харшаа зарахаар болжээ

Гюнтер VI нэртэй Герман овчарк үүлдрийн нохой Майами дахь өөрийн эзэмшлийн харшаа $31.75 саяар зарахаар болсныг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

Гюнтер VI нь Гюнтер III-ийн үр удам юм байна. Гюнтер III-ийн эзэн, Германы язгууртан Карлотта Либенштэйн 1992 онд нас барахдаа олон сая долларыг хайртай нохойдоо өвлүүлж байжээ.

Либенштэйний гэрээслэлийн дагуу ажилладаг тусгай итгэмжлэгдсэн зөвлөл өнөөдөр түүний үлдээсэн $500 саяын хөрөнгийг хайртай нохойнх нь үр удмын тусын тулд зарцуулах эрхийг эдэлдэг байна.

Лхагва гарагт зарагдахаар зарлагдсан Майамигийн харшийг Гюнтерийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2000 онд поп од Мадоннагаас $7.5 саяар худалдан авч байжээ.

4,800 метр квадрат талбайтай энэ үл хөдлөх хөрөнгө далайн эрэгт байрладаг, 9 унтлагын өрөө, 8 ариун цэврийн өрөө, усан сантай юм байна.

Гюнтер VI өөрөө Мадоннагийн эзэмшиж байсан унтлагын өрөөнд амьдардаг болохыг түүний асран хамгаалагч Карла Ричителли ярьжээ.

Тусгай тогоочийн бэлдсэн хоолыг зооглодог саятан нохой үл хөдлөх хөрөнгийг зарах уулзалтуудад оролцохоор хувийн нисэх онгоцоор аялсныг Ричителли бас ярьсан байна.

 

Эх сурвалж: Business Insider, Associated Press

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *