Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа шүүгчийн замналаа өндөрлүүллээ

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулж буй. Тэдний нэг нь өнөөдөр /2024.01.14/ сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ.

Энэ хүн бол Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа. Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн нүдэндээ нулимстайгаар дэвжээнээс бууж байгаа аж. Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Л.Болормаа өөрийг нь шүүгчийн эрдэмд сургасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

Мөн тэрбээр УАШТ-ий гурван жинг онцлон аварга болсон тамирчдад тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулан өгөв. Тухайлбал, өөрийн шавь Э.Бэхбаярын барилдаж байсан 57 кг-ын аварга бөх Б.Мөнх-Эрдэнэ, өөрийн хань А.Энхээгийн барилдаж байсан 65 кг-ын аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-ын аварга Б.Хулан нарт мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт анхны эмэгтэй бөх Ц.Энхжаргал, залуу шүүгч Г.Энхжин нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *