Ерөнхий сайд : “Үнэ тогтворжуулах“ хуулийг батлаагүй бол АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэх байсан
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг хэлэлцэх юм. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.
Тэрбээр “Цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн хямралт байдлаас өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах зорилго бүхий гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор баталж өгсөн УИХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Хэрэв энэ хуулийг баталж, эрхзүйн орчин бүрдээгүй бол АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийг өсөлт огцом цочрол дахин үүсэх нөхцөл байдал бий болох байв.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдлаас уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт УИХ-д өргөн барьж байна. Энэ удаагийн төсвийн тодотгол 4 онцлогтой” хэмээлээ.