“Буянт-Ухаа”-г “Оюун ухааны төв” хэмээж цахим технологийн чөлөөт төв болгоно
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан үг хэллээ.
Тодруулбал, “1500 гаруй хүүхдийн цэцэрлэгт 232 мянган багачууд хүмүүжиж, 850 гаруй ЕБС-д 720 мянга орчим хүүхэд суралцаж, 88 Их дээд сургууль, коллежид 150 мянган оюутан залуус эрдэм номд шамдаж байна. Сургалтын эдгээр байгууллагад 70 гаруй мянган багш сурган хүмүүжүүлэгч ажилладаг.
Өдгөө бид шинэ зууны технологийн дөрөвдүгээр хувьсгалын үеийн сургалтын арга зүйг Монгол улсын онцлогт тохируулан нэвтрүүлж дижитал боловсрол, шинэ эдийн засгийн мэдлэг, технологи эзэмших эрин үед амьдарч байна. Цахим технологийн ололтыг эзэмшиж боловсролын яаманд шинэчлэл хийх, шинээр сэтгэх замаар орчин үеийн дэлхий дахинтай өрсөлдөх шинэ боловсролыг хүүхэд багачууддаа хүртээх нь нэн чухал цаг үеийн шаардлага боллоо.
Монголын залуус энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой. Иймээс Монгол улсын төр засаг, инноваци цахим хөгжлийн тусгай бүс байгуулж тус бүсэд мэдээлэл, технологийн боловсролыг онцгой анхаарч өндөр технологийн ЕБС болон Их дээд сургууль байгуулах болно.
Дэлхийн олон шилдэг компаниудад ажиллаж байгаа манай тэргүүлэх ажилчид цахимаар Монгол дүү нартаа багшлах, эрдэм мэдлэгээ хуваалцах боломж бүрдэнэ.
Мөн Google, Meta, Amazon гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын төв Азийн Хаб-ыг байгуулж, хамтарч ажиллах боломж үүсэж байна.
Хүүхэд залуус маань 21-р зууны мэдлэг чадвар, ур ухааныг эзэмших эрмэлзэл тэмүүллээр дүүрэн байгаа. Тэдний энэ хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэн биелүүлэх үйлс нь Боловсролын яамны ажил юм.
Өчигдөр инноваци цахим бодлогын байнгын хорооны Н.Учрал гишүүн тэргүүтэй ажлын хэсгийнхэн уулзаж ярилцаад “Буянт-Ухаа”-г “Оюун ухааны төв” хэмээж цахим технологийн чөлөөт төв болгох оновчтой санаачилга гаргасныг бид дэмжиж байгаа.
“Буянт-Ухаа”-ыг “Оюун ухааны төв” Монгол цахиурын хөндий болох бүрэн боломжтой.