Хүүхдэд учруулж чадах муурны бодит эрсдэл болон шийдэл
Муурны оюуны чадавх нохойноос бага зэрэг муу тул аливаад амархан дасаж, дасал болгож чадахгүй. Гэвч хангалттай хугацаанд хайр энэрэл, тайван нөхцөл дунд амьдарвал эздэдээ дараа төвөг болох нь өдрөөс өдөрт багасдаг.
Харин зан авирын тухайд муур нохойноос илүү тайван дөлгөөн, тэр бүр хүн болон бусад амьтадтай бие махбодын хүргэлт, шүргэлцээ хийх дургүй, амьдрах нөхцөлийн чанарт хэт төвлөрдөг амьтан билээ.
Тиймээс муурыг бага насны хүүхдийн дэргэд тэжээх, хамт байлгах тал дээр санаа зовох асуудал тэр бүр байхгүй.
Мөн муур нь бага насны хүүхэд болон нярайд гэмтэл бэртэл учруулах, халдах тохиолдол маш цөөн байдаг ба ихэнх тохиолдолд хүүхэд муурыг цочроож, өвтгөж, амьтны төрөлхийн хамгаалах инстинктийг сэргээсэн байдаг.
Тиймээс бага насны хүүхдийг муурны эргэн тойронд ганцааранг нь үлдээх тийм ч зөв санаа биш хэдий ч хүүхэд муур хоёрын харилцаа ихэнхдээ тун амар тайван, амгалан байдаг.
Харин муур ба хүүхдийн хооронд хэм хэмжээ баримтлах ёстой хэд хэдэн чухал асуудал бол эрүүл мэндийн асуудал юм.
Зарим хүүхдүүд төрөлхийн болон олдмол харшилтай байх бөгөөд муурны үс. үсэнд байх тоосонцруудын нөлөөнд загатнах, найтаах, биеэр тууралт гарах гэх мэт ургамлын харшилтай нэн төстэй шинж тэмдгүүд илэрдэг.
Энэ нь муурнаас ямар нэгэн халдварт өвчин хүүхдэд дамжсан гэсэн үг биш бөгөөд харшлын эсрэг эмчилгээ хийлгэх, уг арга хэмжээ үр нөлөөгүй байвал шингэн үстэй, арьсан дээрээ үсгүй төрлийн муур тэжээх боломжтой юм.
Мөн амьтнаас хүнд халдах боломжтой буюу зооноз өвчнүүдийн дунд муурнаас:
Токсоплазмоз
Бөгжний хорхой
Салмонеллез
Кампилобактерийн халдвар
Giardia Cryptosporidium халдвар
Дугуй өт
Дэгээ хорхой гэх мэт өвчнүүд танд болон таны хүүхдэд халдварлах эрсдэлтэй юм.
Гэвч эрүүл, цэвэр орчинд байлгаж, тогтмол усанд оруулж, гэдэс цэвэрлэх буюу туулга уулгаж, цаг тухай бүрд нь урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулснаар уг эрсдэлүүд эрс буурахыг мартаж болохгүй.
Хэрэв та нэгэнт 10-15 жилийн эзний хариуцлага үүрч чадна хэмээн итгэж гэрийн тэжээвэр амьтан авсан бол наад захын эрсдэл аюул, бодит бус мэдээлэл сонссон төдийд тэжээвэр амьтнаасаа татгалзаж болохгүй юм.
Эх дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн дангаар амьдардаггүй билээ.