Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-11-нд Улаанбаатар хотод болно
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын X наадмыг энэ оны наймдугаар сарын 6-11-нд зохион байгуулахаар тогтсон билээ. Тус наадмыг зохион байгуулах талыг төлөөлж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.
Наадамд оролцох зочин орныг төлөөлж ОХУ-ын Буриад улсын Спортын сайд И.В.Козырев, Биеийн тамир, спортын хорооны орлогч дарга А.Ф.Филатов, ОХУ-ын Буриад улсын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Д.Дашибальжиров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын товчооны Залуучуудын спортын газрын орлогч дарга Фэн Жианлун, Спортын арга хэмжээний хэлтсийн дарга Цай Шиао, Гадаад харилцааны хэлтсийн дарга Урихан нар оролцож, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.
Наадамд оролцогчдын байрлах байр болон тэмцээн уралдаан зохион байгуулах танхимуудтай танилцаж, энэ удаагийн наадмыг спортын 10 төрөлд зохион байгуулахыг талууд дэмжлээ.
Олон улсын хүүхдийн спортын анхдугаар наадам 2009 онд Улаанбаатар хотод болоход спортын 11 төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж байв. Харин сүүлийн наадам 2019 онд ОХУ-д болоход Монголын баг зургаан алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ.