Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.
Танилцуулгыг уг төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хийв. Долоон бүлэг, 48 заалттай уг хуулийн төслөөр нийслэл хот, түүний чиг үүрэг, нийслэл хотын эдийн засгийн харилцаа, удирдлагын бүрэн эрх, чиг үүрэг, хотын дагуул хот, хаяа тосгон болон бусад асуудлыг тодорхойлж байгаа юм.
Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотуудаас илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг төсөлд тусгажээ.
Мөн нийслэл хотын санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хот татвартай байх, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийг барьцаалан зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцууллаа.
Эдийн засаг санхүүгийн хувьд нийслэл хот нь үнэт цаас гаргах, чөлөөт бүс, дагуу хот, хаяа тосгодыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, концесс, нийслэлийн сан бусад гэсэн эх үүсвэрээс бүрдэх аж.
Мөн нийслэл хотын удирдлагын тогтолцооны хувьд одоогийн тогтолцоог хэвээр хадгалах юм байна. Харин хотын ерөнхий менежерийн чиг үүрэг, ажлын хүрээ, хариуцах асуудал, бүрэн эрхийг нь тодорхой болгох аж.