Дураараа авирласан Баян-Өлгий аймгийн МАН-ын дарга Д.Бауыржанд сануулах арга хэмжээ
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хороо төлөөлөгчдийг сонгох журам болон, Бага хурлын товоо тогтоохдоо намын гишүүдийн оролцоог хангаагүй, анхан шатны байгууллагуудын бүх шатны гишүүдийн хурлыг хийлгэхгүйгээр зөвхөн тэргүүлэгчид нь Бага хуралд оролцох, төлөөлөгчдийг сонгохоор журамласан байсныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.Мөн Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Бауыржанд сануулах арга хэмжээ авч, Бага хурлаа намын дүрэмд нийцүүлж явуулж буй тайлангаа 2022 оны хоёрдугаар сарын 10-ны дотор Хяналтын Ерөнхий Хороонд ирүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн Увс аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг шатлан дэвших, төлөөлөл хангах журмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгов. Мөн Бага хурлын товоо ирэх хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт багтаан товлож, ингэхдээ төлөөлөгч сонгох журмыг бүх гишүүдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлж шийдвэрлэхийг Увс аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга С.Батжаргал болон тэргүүлэгчдэд үүрэг болголоо.
Хяналтын Ерөнхий Хорооноос 2022 оныг “Ёс зүй, сахилга хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулж, нам бол улс төрийн хамтын удирдлагын байгууллага учраас намын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой. Иймд намын дарга нь тэргүүлэгчид, гишүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байхыг хатуу санаж ажиллахыг дунд шатны намын хороодод анхаарууллаа. Өөрөөр хэлбэл намын бүх шатны хурал төлөөллийг хангах, дотоод ардчиллыг хангах гэсэн хоёр зарчмыг хангаагүй тохиолдолд хурал биш хувилдаан болно гэдгийг хатуу анхаарах ёстой гэв. Цаашлаад намын дүрмийг сургаар хэрэглэх явдлыг засахын тулд намын гишүүн бүр судалж, дүрмийн дагуу ажиллах чадвараа дээшлүүлэх шаардлагатайг ч сануулсан юм.