София Жирау Victoria’s Secret-ийн дауны синдромтой анхны модель болжээ
Пуэрто-Рикогийн загвар өмсөгч София Жирау Victoria’s Secret-ийн загвар өмсөгч болж, түүхэд нэгэн шинэ хуудсыг бий болголоо.
Учир нь тэрээр Victoria’s Secret-ийн анхны дауны синдромтой загвар өмсөгч болсон юм. 24 настай София Жирау тус брэндийн шинэ кампанит ажилд нэгдсэн 17 бүсгүйн нэг бөгөөд Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан “Love Cloud Collection” хэмээх дотуур хувцасны цувралыг танилцуулсан юм.
“Нэг л өдөр би үүнийг мөрөөдсөн цагаасаа эхлэн тасралтгүй хичээсэн. Өнөөдөр мөрөөдөл минь биеллээ. Эцэст нь би та бүхэнд өөрийнхөө том нууцаас хуваалцъя. Би бол Victoria’s Secret-ийн дауны синдромтой анхны загвар өмсөгч!” гэж Жирау өөрийн инстаграм хуудсандаа испани хэлээр бичжээ.
Ямар ч хүний сэтгэлийг татам зан чанартай тэрээр 2019 онд Пуэрто Рикод загвар өмсөгчийн карьераа эхлүүлснээсээ хойш жилийн дараа Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд “Би загварын томоохон арга хэмжээнд оролцож чадсан дауны синдромтой цөөхөн загвар өмсөгчдийн нэг гэдгээрээ бахархаж байна” гэжээ.
Жирау мөн испани хэлээр “Хязгааргүй” нэртэй кампанит ажлаа эхлүүлж, Дауны синдромтой хүмүүс ямар ч нөхцөл байдлаас үл хамааран зорилгодоо хүрэх чадвартайг уриалжээ.
Эх сурвалж: NBC