С.Хатанбаатар: Зорьсон ажлынхаа ард гарч, үр шимийг хүртэх сайхан
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шилдэг шинийг санаачлагч, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн цахилгааны инженер Сайнцогтын Хатанбаатартай ярилцлаа.
-Эхлээд та төрүүлж өсгөсөн аав, ээж, унасан газар, угаасан усныхаа талаар ярина уу?
-Манай аавыг Баасангийн Сайнцогт гэдэг. Булган аймгийн Баян-Агт сумынх. Миний ээж Самдан овогтой Оюунцэцэг. Булган аймгийн Бугат сумын харьяат. Би 1982 онд Булган аймгийн Бугат суманд айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Бид эхээс тавуулаа. Нэг эмэгтэй, дөрвөн хөвгүүнтэй айл. Манай нутаг чинь сайхан шүү дээ, ой модны хажууд. Зун олон төрлийн жимс, жимсгэнэ их ургадаг сайхан нутаг даа. Монгол орны нэгэн үзэсгэлэнт байгалийг түшиж төрснөөрөө бахархдаг. Энэ л нутагт хүүхэд насныхаа дурсамжийг үлдээж, ажилчин болсон замнал, амьдралын зам мөрөө гаргаж явна даа.
-Хүүхэд насны гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Сумынхаа найман жилийн сургуульд сурч, ангийнхаа хүүхдүүдтэй нөхөрлөж явсан гэнэн хонгор насны дурсамж сэтгэлд тодхон. Нэг удаа нутгийнхаа хүмүүсийг дагаад ахтайгаа самарт явсан чинь өдөржин шөнөжин бороо ороод өмсөж явсан гутлын ул салаад уначихдаг юм. Олсоор ногтолж уяад, шөнө нь шуудайтай самар дээрээ гарч унтаад л хэцүүхэн явж ирж билээ.
-Таны эзэмшсэн мэргэжил юу билээ?
-Дархан-Уул аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг цахилгааны ашиглалтын инженер мэргэжлээр 2005 онд төгссөн.
-Яаж яваад Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбов?
-Сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоор бүртгүүлчихлээ. Бас Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бүртгүүлчихдэг юм. Тэндээс дуудахаар нь очиж шалгалт өгөөд тэнцчихлээ. Ажилд орох материалаа бүрдүүлээд явж байтал Эрдэнэт үйлдвэрийн сонгон шалгаруулалт болох гэж байна, маргааш ирээрэй гэв. Дарханаас галт тэргээр ирээд өглөө нь шалгалт өгч тэнцээд Эрдэнэт үйлдвэрт анх ажилд орж байлаа. Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 2019 оноос тус хэсгийн цахилгааны инженерээр өнөөг хүртэл ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрт ийм сайхан хамт олны нэг эд эс болон ажиллаж, амьдарч байгаадаа үнэхээр их бахархаж явдаг.
-Таны ажлын онцлог юу вэ?
-Манай Шүүн хатаах чинь Баяжуулах үйлдвэрийн технологийн сүүлийн дамжлага болох зэс молибдены баяжмалыг өтгөрүүлж, шүүж, хатааж, экспортод ачих үүрэгтэй үйлдвэрийн үндсэн хэсэг. Энэ үндсэн дамжлагын тоног төхөөрөмжүүдийн цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг онцлогтой.
-Таны давуу талууд юу вэ?
-Үйлдвэр аж ахуйн нэгж бүхэн зардал бууруулахын төлөө ажилладаг. Бид ч ялгаагүй. Мэргэжилтний хувьд цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг бууруулах боломжуудыг судалж, олж харж, өөрсдийн хүч боломжоо ашиглан, тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог. Үр ашиг өгөх ажил гүйцэтгэхэд манай хамт олон идэвх санаачилгатай хамтран ажилладагт маш их баярладаг.
-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ?
-Шаардлага тавихаасаа илүү санаа бодлоо солилцон хамтран ажиллаж, зөвлөж үлгэрлэдэг. Эхэлсэн ажлынхаа ард гарч үр шимийг нь хүртэх шиг сайхан зүйл байхгүй. Ажлыг чанартай, эмх цэгцтэй хийх хэрэгтэй.
-Та Эрдэнэт үйлдвэрийн шинийг санаачлагчдын нэг. Санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу?
-Миний бие Шүүн хатаах хэсгийн “Гэрэл” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагчаар ажилладаг. Бид ажлын байранд 5С-г хэрэгжүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, хэмнэлт гаргах 17 төсөл, найман сайжруулалтын ажил санаачлан амжилттай хэрэгжүүлсэн.
Тухайлбал, цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах үүднээс трансформаторын тэгш хэмт ачааллыг тэнцвэржүүлж тоног төхөөрөмжийн насжилт болон найдвартай ажиллагааг дээшлүүлсэн. Мөн цахилгаан хөдөлгүүрт хэмжилт, оношилгоо хийж чадал томдсон цахилгаан хөдөлгүүрүүдийн чадлыг багасган ажиллуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэх боломж бүрдсэн. Цахилгаан хөдөлгүүрүүдэд хэмжилт хийж чадал томдсон найман хөдөлгүүр сольсноор 2701335.12 төгрөгийн хэмнэлт гараад байна. Цахилгааны засварын өрөөнд туршилтаар сургалт явуулж, хамгаалах хэрэгслийн самбар хийсний зэрэгцээ Шүүн хатаах хэсгийн цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг бууруулан цахилгаан хөдөлгүүрийн бодит чадлыг оновчилсон.
-Гавьяа шагнал юу билээ?
-“Эрчим хүчний тэргүүний ажилтан”, Баяжуулах үйлдвэрийн “Шилдэг” инженер техникийн ажилтан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шилдэг шинийг санаачлагч” шагнал хүртсэн.
-Таны амжилтын үндэс юу вэ?
-Зөвхөн минийх биш. Бидний ажлын амжилтын үндэс нь хамт олны хүч.
-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун явна?
-Эрдэнэт уулынхаа буянд сайхан хамт олонтой, ажилтай, гэр бүлтэй, сэтгэл хангалуун амьдарч байна. Үүнээс илүү юмаар яах вэ дээ.
-Таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа.
Г.ОЮУНТУЯА