Уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр долдугаар сарын нэгнээс борлуулна
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.
Төсвийн орлого өмнөх үеийнхээс нэмэгдсэн ч зардал тэр хэрээр өссөн байгааг гишүүд шүүмжилж, хуримтлал үүсгэх шаардлагыг сануулсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалсан эхний хэдэн сарын үр дүн энэ хэвээр үргэлжлэх боломжтой эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, “Биржийн 40 удаагийн арилжаагаар 1.2 сая тонн нүүрс худалдаалсан. Биржээр өрсөлдөөнд оруулаад худалдаалахад, нүүрс өндөр үнээр борлуулагдаж байна. Үүний ашгийг Монголын төр, ард түмэн хүртэж байгаа. Энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс зэс, жонш, цайр, төмөр, хүдэр, нүүрс гээд уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж эхэлнэ. Уул уурхай дагасан авлига, хулгай, булхайг цэгцлэх юм. Тодорхой төрлийн бэрхшээлүүд үүсэж байгаа ч өөрчлөх, сайжруулах ажлуудыг тогтмол хийж байгаа” гэв.
Гадаад өрийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн 3 жилд эдийн засаг маш хүнд байсан бөгөөд манайхтай ижил В+ зээлжих зэрэглэлтэй олон улс орны зэрэглэл буурсан. Манай улсын хувьд 3-4 жил тогтвортой байсан нь амжилт юм. Өнгөрсөн хугацаанд төсвийн үлэмж алдагдалтай, Хөгжлийн банк хүнд нөхцөлд орсон, гадаад өр зээлүүд тулчихсан, гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам.долларт хүрсэн өндөр эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар цаг алдалгүй хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эдгээрийн үр дүнд Хөгжлийн банкны үйл ажиллагааг тогтворжуулж, экспортыг тултал нэмж, төлбөрийн тэнцлээ энэ оны I улиралд нэмэх дүнтэй болгосон. Монгол Улсын валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрснээр үр дүнд нь зээлжих зэрэглэл хэвээр үлдсэн бөгөөд энэ нь олон эерэг үр дагавар үүсгэж байгаа. Цаашид зээлжих зэрэглэлийг шат дараатайгаар өсгөх зорилгыг Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.
Төсвийн зардалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, хэмнэх боломжийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар хариулт өгсөн. Төсвийн зардлыг хэмнэх нь чухал бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд өнгөрсөн онд нэг их наяд орчим төгрөгийн бодит хэмнэлт хийсэн. Хэлэлцэж буй төслийг ч мөн дээрх хуулийн дагуу төлөвлөсөн гэв.