“Манай улсад жилд 110-130 орчим хүүхэд хавдраар оношлогдож байна”
Улс орон даяар энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг шинжилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өгчээ.
Тэрбээр, “Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эхлээд 10 гаруй хонож байна. Энэхүү үйл ажиллагаагаар иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн байлаа ч эрт үед нь илрүүлж эмчлэх зорилготой ажиллаж байгаа. Иргэд өвчнөө дандаа хожуу үе шатандаа орсон хойно эмнэлэгт хандаж нас баралтын шалтгаан болж байна. Манай улсад жилд 110-130 орчим хүүхэд хавдраар оношлогддог. Өнөөдрийн байдлаар улс орон даяар 2400 орчим иргэн хавдартай байгаагаас 450 орчим нь хүүхэд байна. Олон нийтийн цахим сүлжээгээр эцэг эхчүүд хандив тусламж гуйх нь элбэг болсныг бид харж байгаа. Тиймээс өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч байгаарай гэж зөвлөе” гэв.