“Мөнгөний хонгилд орсон шүүхээс шударга шийдвэр гарна гэж итгэхгүй байна”
ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна.
Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүд “Мөнгөний хонгилд орсон шүүхээс шударга шийдвэр гарна гэж итгэхгүй байна. Шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллахаар болсон” гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “ҮАБЗ-ийн ажлын албаны тухай мэдээлэл хэвлэлээр сүүлийн үед их гарах болсон. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Төрийн албаны хуулиар төрийн тусгай албан хаагчид хамаарагддаг. Гэтэл ҮАБЗ-ийн ажлын албаны албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтэрч, буцахдаа их хэмжээний мөнгө оруулж ирсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй” хэмээв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Б.Баасанцогт өмгөөлөгчийг шүүгчидтэй нууцаар уулздаг талаарх мэдээлэл гарсан. Хэрэг төлөвлөдөг, шүүгч прокуроруудыг нэг дор цуглуулж, тусгай найр наадам зохион байгуулдаг гэх мэт. Энэ бол шүүгчийн ёс зүйд нийцэхгүй асуудал.
Мөн Ариг банктай холбоотой асуудал бий. Хүний өмчийг дээрэмддэг асуудал байна. Хувь хүн өөрийн өмчөө хууль хяналтын байгууллагад дээрэмдүүлнэ гэдэг өнөөдрийн ардчилсан нийгэмд байж болохгүй. Бид нар шүүхийн реформ хийх ёстой. Хонгилыг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Гэтэл энэ хонгил нэг эзнээс нөгөө рүү шилжиж улам бүр бэхжихийг тэвчиж болохгүй. Энэ талаар ЦЕГ-аас яагаад мэдэгдэл хийхгүй байна вэ. Иймд бид Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар өргөдөл гаргана” гэлээ.