“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг нь гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан билээ.
 Энэ зорилтынхоо хүрээнд мод тарьж, ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийг байгуулахаар төлөвлөсөн байна.
Үүнд 1,000 тн хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд багтаж байгаа юм.
Өнөөдөр ашиглалтад орж буй Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.
Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм.
Цаашдаа тус төвд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ирэх 10 жилд 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.
Үүнд: Мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод, Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод, Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод, Орхон, Булган аймаг орчимдоо 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *