Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг хангах нь
Манай улсад төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах үүднээс Цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс санал оруулсны дагуу Улсын Их Хурлаас томилдог билээ. Томилогдсон гишүүдийн үүрэг гүйцэтгэх хугацаа зургаан жил. Гэвч бодит байдал дээр үүнээс ч богино хугацаагаар, дахин дахин сонгогддог нь томилсон талынхаа ая талыг харах, дахин томилогдох хүсэлдээ хөтлөгдөх гэх мэт сул талуудыг бий болгодог нь Цэцийн хараат бус байдлын эсрэг хүчин зүйл болж байна.
Үүнээс үүдэн Цэцийг хараат бус, үр нөлөөтэй болгох хүний эрхийн тодорхой асуудлыг шийддэг болгох, хэн дуртай нь Үндсэн хуулийн Цэцэд дуртай асуудлаа өгч маргаан үүсгэж, улс төрийн арга хэрэгсэл болгодог байдлыг зогсоох шаардлага бий болоод удаж буй. Үндсэн хуулийн Цэцийг хараат бус, үр нөлөөтэй болгож байж л Үндсэн хуулийг гуйвуулахгүйгээр хэрэгжүүлэх нөхцөл бий болж чадна. Энэ талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналд тодорхой заалтын талаар тусгасан нь, Үндсэн 65.1 дэх заалтын дараах өөрчлөлт юм.
1992 оны Үндсэн хуульд улирлуулан томилогдохыг илэрхий хориглосон заалт ороогүй. Цэцийн гишүүнийг улируулан томилох ээр ямар нэгэн хязгаарлалт ороогүй байсан учраас Цэцийн гишүүнийг улируулан томилох замаар түүний бүрэн эрхийн хугацааг сунгаж ирсэн. Жишээ нь, Цэцэд 4, 3, 2 удаа томилогдсон гишүүд ажиллаж байв.
“Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал есөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно”. Нэг удаагийн урт хугацаа нь үндсэн хуулийн шүүхийн бие даасан байдлыг дэмждэг. Дахин сонгогдох боломжгүй нь энэ шалтгаанаар талуудад тал засах сэдлийг шүүгчид төрүүлдэггүй бөгөөд энэ нь түүний хараат бус байдлыг бэхжүүлдэг. Сунгах боломжгүй урт бүрэн эрхийн хугацаа хүн ам цөөтэй Монгол шиг улсын үндсэн хуулийн шүүхэд тохирдог. Шаардлага хангасан нэр дэвшигчдийн тоо хязгаартай учраас богино хугацаа тохиромжгүй.Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа богино боловч сунгах боломжгүй бол шаардлага хангасан нэр дэвшигчид бүгд үндсэн хуулийн шүүгч болно. Төд удалгүй тэдний хугацаа дуусаж шүүхийг орхих бөгөөд тэдний оронд шаардлага бүрэн хангахгүй нэр дэвшигчид томилогдох муу талтай. Тийм учраас, жижиг улсад шаардлага хангасан шүүгчдийг дахин томилуулахын тулд тэдний хугацааг сунгах боломж олгох нь тустай мэт санагдаж магадгүй. Гэвч, сунгах боломжтой бүрэн эрхийн хугацаа шүүгчийн хараат бус байдлыг үгүй хийнэ. Шүүгчид улс төрийн процессоор томилогддог учраас улс төрчид зөвхөн өөрсдийн сонирхолд үнэнч шүүгчдийг дахин томилохыг эрмэлзэх хандлага ажиглагддаг.
Европын үндсэн хуулийн шүүхийн шүүгч дийлэнхдээ урт (9-12 жилийн) бүрэн эрхийн хугацаагаар томилогддог. Энэ нь нэг талаас шүүгчийн хараат бус байдал, нөгөө талаас хариуцлагын зарчмыг хангах зорилготой. Хэрэв шүүгчийн бүрэн эрхийн хугацаа хэт богино байвал үндсэн хуульт ёсны хөгжилд халтай. Шинэ шүүгч үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх, бичих зэрэг шүүхийн хэвшилд суралцахад тодорхой хугацаа зарцуулах учраас 6 жил зэрэг хэт богино хугацаатай бол шүүхий үйл ажиллагаа бүхэлдээ сайжрахгүй байж магадгүй. Түүнчлэн богино хугацаа үндсэн хуулийн зарчимч тайлбарыг тууштай хийх замаар үндсэн хуулийн эрх зүйн жишиг хөгжүүлэх боломжийг шүүгчид олгодоггүй. Богино бүрэн эрхийн хугацаатай тохиолдолд шүүгчид ойр ойрхон солигдох учраас шүүхийн шийдвэр тэр давтамжаар өөрчлөгдөх эрсдэлтэй. Ийм өөрчлөлт нь эрх зүйт ёсны нэг шаардлага болох хуулийн тогтвортой байдлыг алдагдуулдаг.
Эх сурвалж: О.Мөнхсайхан, “Үндсэн хуулийг бие даасан, үр нөлөөтэй болгож, үндсэн эрхийн маргааныг харъяалуулах нь” судалгааны тайлан (2022)
ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГА
Цэцийн гишүүд зөвхөн нэг удаа томилогддог практик хөгжингүй, ардчилсан орнуудад түгээмэл бөгөөд Цэцийн гишүүн хэн нэгнээс хараат бус байх нөхцөл хангагддаг гэж үздэг. Европын үндсэн хуулийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа урт төдийгүй сунгах боломжгүй байдаг ажээ.
Тухайлбал, Испанийн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг есөн жилийн хугацаагаар томилох бөгөөд жил бүр гуравны нэг нь шинэчлэгдэн томилогддог байна. Мөн Хорватад Үндсэн хуулийн шүүх нь нэр хүндтэй эрх зүйчид, ялангуяа шүүгч, прокурор, хуульч, их сургуулийн хууль зүйн профессоруудаас найман жилийн хугацаагаар парламентын томилсон шүүгчдээс бүрддэг. (Хорватын Үндсэн хуулийн 125)