МЭҮН-ын дарга Б.Сарангэрэл: Онц ноцтой гэмт хэрэгтэнд цаазын ял оноох нь зөв

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга Б.Сарангэрэлээс байр суурийг нь тодрууллаа.

-ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦРОХГҮЙН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ-

-МЭҮН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа намуудын төлөөллийн нэг. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын хувьд бүрэн дэмжиж тунхаг бичигт гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурсан вэ гэхээр, өнөөдөр дэлхийн нийтийн хөгжлөөс Монгол Улс маань хоцрох биш бүр ухраад явж байна. Тиймээс дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй, улс орноо цааш авч явахын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ, нэмэхгүй гэж ярьцгааж байна?

-“76” гэдэг яг одоо улс доторх улс болчхоод байгаа шүү дээ, бид бүхэн харж байна. Иймээс гишүүдийн тоог нэмж энэ байдлыг цэгцэлнэ. Учир нь Үндсэн хууль маань олон намын тогтолцоотой байна гэж заасан ч хэрэгжүүлж чадалгүй 30 гаран жил болчихлоо. Тиймээс гишүүдийн тоог 76х2 буюу Их хурал 152 гишүүнтэй байх нь хамгийн зөв юм гэдэг үзэл баримтлал дээр нэгдэж байгаа.

-ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД ЦААЗЫН ЯЛ БАЙХ НЬ ЗӨВ-

-Нэмэлт өөрчлөлтөд цаазын ялгүй болно гэсэн зүйл яригдаад байгаа шүү дээ. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Цаазын ялын хувьд зарим заалтуудыг тусгаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, улс орны эхийн хэвлий дэх баялаг юм уу, онц ноцтой гэмт хэрэг хийсэн тохиолдолд цаазын ялыг хэрэгжүүлж байвал яасан юм бэ гэсэн байр суурьтай байгаа. Цаазын ял байх ёстой.

-Зарим иргэд Үндсэн хуулиараа ойр ойрхон оролдож байна гэсэн бодолтой байна?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэр болгон хийгдээд байдаггүй. Онцгой цаг үе, онцгой жилүүдэд хийгдэж ирсэн. Бид ардчилал байгуулаад 30 жилийн түүхийг бичлээ. Түүнтэй адилхан дараагийн 20, 30 жилийн түүхийг бичих онцгой тохиол гэж харж байгаа. Монгол Улс маань хөгжил дэвшлийн босгон дээр ирчихсэн байна. Тиймээс өөрчлөлтийг нарийн шалгууртай хийх ёстой гэж үзэж байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *