Т.Аюурсайхан: Ц.Нямдоржийн хүү төрийн ажлыг аавынхаа өмнө хариуцдаг, яасан том толгой вэ
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт хандаж үг хэллээ.
Тэрээр “Эдийн засагт хүндрэл үүсээд байгаа нь албан тушаалтнуудын хариуцлагын асуудлаас их болж байна. Бүх юмыг цар тахал, гадаад нөхцөл байдал руу чихэх боломжгүй. Албан тушаалтан хариуцлагагүй, дээр нь зарим томилгоо оновчтой биш байна. Хуулиас дээгүүр гишгэдэг асуудал байж болохгүй. Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр сонсож байгаа байх. Хоёр талын харилцааны энгийн гадаад харилцаа ярихаар хуралдааны дундуур шивнээд шахам ярьж байгаа. Тэгэхэд ярьж байгаа өнгө аяс чинь таалагдахгүй байна гээд утсаа шидчихэж байна. Хууль үйлчлэхгүй болохоор тэгдэг юм уу. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж буй хуулийг зөрчиж байгаа шүү. Аль нэг нь ажлаа хийх боломжтой. Ийм том толгойтой. Одоо ингээд хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хариуцахаар ийм том болдог юм байна л даа. Бүхний дээгүүр яваад сурчихсан. Сургалтын төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж байгаа.” гэж шүүмжлэв.