Б.Батболд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 1,300 орчим автомашины зогсоол гаргасан
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Б.Батболд автомашины зогсоол, замын хөдөлгөөний талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд автомашины зогсоолын асуудал хүндрэлтэй байгаа. Энэ наадмаар 1,300 орчим автомашины зогсоолтой байна. Гурван жилийн өмнө зохион байгуулсан наадмын үеэр 3,500 орчим автомашины зогсоол байсан.
Хурдан морины уралдаан болох газрын зогсоолын талбай урьд жилүүдийн төлөвлөлтийн дагуу байгаа. Энд долоон төрлийн зөвшөөрлийг олгоно. Эдгээр долоон төрлийн зөвшөөрлийн дагуу заасан тэмдэг тэмдэглэгээнд хамаарах зогсоол дээр иргэд тээврийн хэрэгслээ байршуулна. Үндсэн талбай руугаа орж баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох боломж олгож байгаа” гэлээ.
Наадмын өдрүүдэд “Хүй долоо худаг-Төв цэнгэлдэх” маршрутаар нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт тусгайлан бэлтгэсэн зогсоолоос зорчигчдоо авна. Мөн 300 орчим такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл зөвшөөрөл хамаарахгүйгээр явна. Таксинууд симфор, такси үйлчилгээний дугаарын тэмдэгтэй байх шаардлага тавигдана. Тиймээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгох нь чухал гэдгийг ТЦА-наас зөвлөлөө.