СУРВАЛЖИЛГА: Бага ангийн хүүхдийн хичээлийн бэлтгэлийг базаахад 500.000 төгрөг ч багадаж байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Улсын их баяр наадмаас хойш нам гүмхэн байсан хотын амьдрал амь орж, нийслэл дэх томоохон худалдааны төв, захууд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг бэлдэж буй эцэг эхчүүдийн хөлд дарагджээ.

Олон хүүхэдтэй айл өрхөд найм, есдүгээр сар хүндхэн тусдаг нь гарцаагүй. Тэр тусмаа эдийн засаг хямралтай энэ цаг үед хүмүүсийн худалдан авах чадамж эрс буурсан нь нууц биш. Иймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжиллаа.

Нарантуул захад дэвтрийн үнэ өмнөх жилийхтэй харьцуулахад 50-400 төгрөгөөр нэмэгджээ.

 

 

-НЭГ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛД  БАГАДАА 250-350 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛДАГ-

Худалдагчид:

“Энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ огцом нэмэгдсэн зүйлгүй. Жишээлбэл дэвтэр 50-300 төгрөгөөр нэмэгдсэн. Өмнө жил 12 хуудастай дэвтэр 200 төгрөг байсан энэ жил 250 төгрөг болсон. 96 хуудастай дэвтэр 1300 төгрөг байсан бол 1600 төгрөг болсон байна. Эцэг эхчүүд дунджаар нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэлд 150-250 мянган төгрөгийг зарцуулдаг”

Хичээлийг хэрэгслээ заримыг нь дотроосоо, заримыг нь Хятадаас захина. Энэ жил барааны нийлүүлэлт муу байна. Ирэх долоо хоногоос худалдан авалт улам нэмэгдэх байх. Хичээл орох өдөр ойртох тусам худалдан авалт нэмэгддэг. Цалин тавьдаг өдөртөө бас холбоотой байх даа”

-ХУДАЛДАГЧИД ДУР МЭДЭН ҮНЭЭ НЭМДЭГГҮЙ-

“Бид дур мэдэн үнээ нэмдэггүй. Одоо яг хичээлийн хэрэгслийн сезон эхэлж байна. Аль болох боломжийн үнээр олон хүнд бараагаа зарах нь аль аль талдаа ашигтай. Гэхдээ урдаас орж ирэх нийлүүлэлт муудсан. Дээр нь барааны үнэ ч нэмэгдсэн, тээврийн зардал ч нэмэгдсэн байхад худалдагчид үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна.”

 

 

-ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ДӨХӨХӨӨР ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ НЭМЭГДЧИХДЭГ-

Иргэд : 

“Хичээлийн хэрэглэлийн үнэ нэлээн нэмэгдсэн байна. Сурагчийн цүнх өмнөх жилээс 10,000-15,000 төгрөгөөр нэмэгдэж. Бензин шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ ч дагаад нэмэгдсэн. Хамгийн хямдхан ногоо болох төмс 1500-2000 төгрөг болоод байхад хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэх нь тодорхой байх. Гэхдээ олон хүүхэдтэй айлууд яаж болгох вэ? хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг шиг өр зээлээр болгож байгаа эцэг эхчүүд олон байна”

“Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулаад явж байна. Иргэд ажил, амьдралаа яаж ийгээд болгож байгаа ч үнийн өсөлтөд дарлуулж байна. Арай нэг гайгүй материалтай цүнх авахад 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Хүүхдээ хүний хүүхдээс дутуугүй өнгө үзэмж, материал сайтай хичээлийн хэрэгсэл авч өгөхөд нийтдээ 500 мянган төгрөг зарцуулагдаж байна. Ирэх долоо хоногоос улам үнэ нь нэмэгдэх байх. Хичээл орох дөхөөд худалдан авалт нэмэгдэхэд үнэ нь нэмэгддэг шүү дээ”

 

Similar Posts

One Comment

  1. хуучин юмаар нь нэг нэгэнд сольж холиод л болгож бна . Тэрнээс бүгдэнд нь шинэ г бэлдэж өгвөл гүйцэгдэхгүй сөхөрж унах юм бна. Орлоготой нь ингэж бхад бусад нь яадаг юм бүү мэд .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *