Коронавирусийн халдвар өдөрт 200 давах тооцоолол байгаа тул хатуу хөл хорио тогтоож магадгүй
Короанвирусийн халдварын тархалт эрчимжиж өдөрт гарах халдварын тоо 200-аас дээш давбал хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдэгдсэн.
Тэгвэл гуравдугаар сарын сүүл рүү өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200 давна гэсэн прогнозыг МУИС-ийн эрдэмтэд математик тооцооллоор гаргажээ. Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн “Улбар шар” түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24,000-д хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15,000 болгон 37% бууруулах боломжтой гэж тооцсон байна.
Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байгаа аж.
Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, албан байгууллагуудад ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна.
Доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын 5 хоног болон 9 хоногийн хөл хорионы стратеги боловсруулжээ. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ.