“Синофарм”, “АстраЗенека” вакцины давтан тунг ирэх сард хийнэ
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр вакцинжуулалтын явцын мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа : ” Нийслэлд 43 цэгт 17656 хүнийг, мөн Өмнөговь аймгийн 9 суманд 1,148 хүнийг дархлаажуулалтад хамруулсан бөгөөд хоёрдугаар сараас хойш нийт 189969 хүнийг вакцинжуулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад 38.9 хэмээс дээш халуурах, тариулсан газарт хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх, үе мөч, булчин өвдөх ядрах зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна”.
Өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтад Энэтхэг улсын “АстраЗенека” вакцины 75 мянган тун, Солонгос улсын “АстраЗенека” 7200 тун, Хятадын “Синофарм” вакцины 107769 тун буюу нийт 189969 тун вакцин хийжээ. Дээрх гурван вакцинаас “Синофарм” вакцины 42231 тун үлдсэн байна. Энэ нь 43 цэгт 2-3 өдөрт ашиглах вакцин ажээ. ХӨСҮТ-д нөөцөд 232200 давтан тун байгаа бөгөөд “Синофарм” вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхлэх бол “АстраЗенека” вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхлэх гэнэ.