“Зэлтэрийн зам ХХК зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох нь аргагүй”
“Зэлтэрийн зам” ХХК есдүгээр сарын 1-нээс эхлэн Сэлэнгэ, Сүхбаатар – Улаанбаатар – Сэлэнгэ, Сүхбаатар чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох болсон талаар мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдэл гарсантай холбогдуулан нэгэн иргэн цахим сүлжээнд өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрээр, “Зэлтэрийн Зам ХХК хот хоорондох автобусаа түр зогсоосон мэдэгдэл гаргаснаас хойш хүмүүс янз бүрийн л сэтгэгдэлтэй байх шиг байна. Би бол хувьдаа түр зогсоож байгааг нь дэмжиж байна. Ямар ч үед тэд ийм шийдвэр гаргаж байгаагүй, ёстой л шүд зуугаад явж л байсан. Дархан Улаанбаатарын зам анх засварт орж байх үед төрсөн хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орж байна гээд постууд яваад байсан. Тэгэхээр тэр там шиг замаар энэ урт “австай” машин яаж энэ олон жил явдаг байсныг бас нэг бодох хэрэгтэй.
Ажлын шугамаар нэг хоёр удаа өөрсдийн хувийн машинаар яваад ирсэн хүмүүс яаж үгээ иддэг билээ. Дугуй, гупер будаа, доод эд анги авах юм алга, дуугарахгүй ч юм гэж алга гээд л үгээ бардаг. За тэгээд цас борооноор бол тэр шавар шавхай, халтиргаа гулгааны эрсдэл ирээд угааж арчих зардал гээд нэмэлт зардлууд гарна. Зам муу болсноос хойш автобусаар явах иргэдийн тоо багассан. Сүүлд гэхэд цаг нь болчхоод байхад долоохон зорчигчтой явсан гэж нэг иргэн бичсэн байсан. Цөөхөн хүнтэй явахгүй гээд орхиж болох ч тэд хүний ардах ажлыг хөсөр хаяхгүй, бас үүргээ хаялгүй явж байна.
Одоо тэгээд бас тэвчээр барагддаг бол бас барагдахаар болж байгаа байлгүй дээ. Тайлан тооцоотой өчнөөн хүнийг ажлын байраар хангадаг аж ахуй нэгж л юм чинь орлого зарлагаа тооцоо байлгүй. Муулж шүүмжлэхээс өмнө цар тахлын хүнд хэцүү эрсдэлтэй үед тэд л УБ хотоос иргэдээ цаг наргүй тээвэрлэсээр байсан, таксины үнэ тэнгэрт хадсан үед 14.000₮-өөр тээврээ хийсээр байсныг бас нэг санаарай. Баярлалаа Зэлтэрийн замын эд эс бүхэнд. Сайхан цаг ирэхээр хот хоорондын тээврээ үргэлжлүүлэн хийгээрэй” хэмээн бичжээ.