Хүүхэд төрүүлэхээс татгалзах эрхээ эдэл
Хүүхэдтэй болох, жирэмсэлсэн ч тээж төрүүлэхгүй байх сонголт нь эцэг эхийн шийдвэр. Атал хүүхэд өөрөө амь гуйсан мэт, төрүүлж өгсөнд нь төлбөр төлөх ёстой мэт сэтгэн үр хүүхдээ хэмлэх нэгэн бий. Тэдэнд ийм ДАВРУУ ЭРХ байгаа юу?
“Төрүүлсэн юм чинь “алчихаж”бас болно”, “Чамайг төрүүлэх гэж зовж зүдэрсэн”… гэх зэргээр хүүхдээ өмчлөх, ачирхах хандлага нь хүчирхийллийн сэдлийг үүсгэж байж ч мэднэ.
Угтаа хэн ч танаас хүүхэд төрүүлээд өг гэж хүсээгүй. Хэрэв хүсээгүй жирэмслэлт бол жирэмслэлтийг таслан зогсоох сонголт ч хуулиар зөвшөөрөгдсөн.
Жирэмсний эхний 12 долоо хоног буюу 84 хоногийн дотор өөрийн хүсэлтээр жирэмслэлтийг тасалж болохыг хуулиар хүлээн зөвшөөрдөг.
Мөн 18 нас хүрээгүй, 40-өөс дээш насны эмэгтэй болон цусан төрөл ойртсон нь нотлогдвол, хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн тохиолдолд мөн жирэмслэлтийг зогсоох боломжтой.
Үүгээр жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг шууд утгаар дэмжих гэсэнгүй. Гагцхүү төрүүлэх, төрүүлэхээс татгалзах сонголтын аль аль нь бий гэдгийг сануулж, нэгэнт төрүүлсэн бол гомдоох үг бүү хэлж байгаачээ гэдгийг ойлгуулахыг хүссэн төдий.
Саяхан нэгэн “Youtube” суваг хөтөлдөг эмэгтэй “Эцэг эхээсээ сонсож байсан хамгийн гомдмоор үг” гэх гарчигтай бичлэг оруулжээ. Тус бичлэгийн доор хүүхдүүд аав ээжээсээ сонссон үгсээ гомдоллон бичсэн анхаарал татсан юм.
Хүчирхийллийн таван төрөл бий. Үүнд:
- Бие махбодын хүчирхийлэл
- Сэтгэл зүйн хүчирхийлэл
- Эдийн засгийн хүчирхийлэл
- Бэлгийн хүчирхийлэл
- Үл хайхрах хүчирхийлэл
Гэтэл зарим нь зөвхөн зодож цохихыг хүчирхийлэл гэж ойлгодог хэвээр. Тиймдээ ч хүүхдэдээ хэлж буй хараалын үгс, элдэв доромжлолоо юман чинээ тоолгүй “Чиний л төлөө хэлж байна” гэж өөрийгөө зөвтгөнө.
Бид нийтээрээ бие махбодын хүчирхийлэлд анхаарч, сэтгэл зүйн хүчирхийллийг орхигдуулжээ. Хүүхдээ багаас нь “Чиний төлөө л амьдарч байна” гэх хандлагаар өсгөдөг нь сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөж байгаагаа ухаарах сөхөө ч олгохгүй байна. Тэд аав, ээжийнхээ өмнө өртэй мэт сэтгэлдээ шаналалтай амьдардагийг дээрх жишээ бэлхэнээ харууллаа. Бодох л асуудал…
Ж.ХАЛИУН