УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ.

Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх болон иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцоход энэхүү айлчлалын зорилго оршиж байгаа юм.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-той хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Үндэсний Ассамблейн Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Ким Дү Гван, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их сургуулиас Сөүл хотноо хамтран зохион байгуулах “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *