“Казиногийн орлогын 40 хувийг улс татвар болгон хурааж авна”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.11.29/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.


Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл байгаль түүх, соёлын өвийг мэргэжлийн холбоод орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалын үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр 2023 онд нэг сая 2024 онд 1.6 сая жуулчин хүлээн авч дотоодын зах зээлд хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлтийг бий болгоно. Хуулийн шинэчилсэн найруулга 5 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд Аялал жуулчлалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 13 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Сая жуулчин ярьсаар байгаад хэдэн жил өнгөрөв. 300-400 мянгаас дээш гарсангүй. Аялал жуулчлал хөгжих хамгийн гол хаалга бол тээрийн асуудал. Агаарын тээвэрлэгчдээ дэмжих ёстой. Боломжит хамгийн бага үнийг санал болгох ёстой. Ингэж байж урсгал нэмэгдэнэ. Хүрч ирээд юу үзэх нь дараагийн асуудал. МИАТ-тай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ. МИАТ-ын үйл ажиллагаа хүнд байгаа. Гэхдээ сая жуулчин хүлээж авах боломжийг МИАТ-д нээх ёстой. Яаж дэмжих ёстойг тодруулж өгөөч ээ. Аялал жуулчлалын сан ямар хөрөнгийн эх үүсвэрээс бүрдэх вэ. Тээвэр логистиктой холбоотой асуудлыг яах юм. Нэлээд заалт байгаа ч тодорхой биш байна.

Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Ерөнхий сайд ямар бодлого баримталж хуулийн төсөлд саналаа өгсөн гэхээр Монгол руу ирэх гэж буй нислэгийн тоо давтамжийг хязгаарлахгүй байх бодлого барья гэж байгаа юм. Тээвэрлэж ирсэн зорчигчийн тоогоор дэмжлэг татаас үзүүлэх агуулгаар орж ирсэн. Хаанаас санхүүжүүлэх үү гэхээр Аялал жуулчлалыг дэмжих сангаас санхүүжүүлнэ. Аялал жуулчлалын сан нь нэгдүгээрт, казиногийн онцгой албан татварын 5 хувь, морин бооцоот уралдааны орлогын албан татварын 5 хувь, Иргэний нисэх тухай хуульд заасан аялал жуулчлалын навигацийн үйлчилгээний орлогын 20 хувиас дээрх сангийн орлогыг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хураамж зэргээс бүрдэнэ. Мөн дээрх сан дараах дөрвөн зүйлд мөнгөө зарцуулна. Нэгдүгээрт, агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, гуравдугаарт, гадаад дотоодод Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаанд, дөрөвдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд сангийн мөнгийг зарцуулна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Шинэ хуулиар тийзний үнийг хэдэн хувиар бууруулах вэ. Санд барагцаагаар хэдэн төгрөг хуримтлагдах вэ?

Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Хууль батлахад техник эдийн засгийн тооцоолол хийдэг. Бид 2019 оны статистик тулгуурлаад 2023 онд сая жуулчин хүлээж авъя гэсэн агуулгаар, 2024 онд 1.6 сая жуулчин хүлээж авахаар тооцоход манай улсад хоёр тэрбум орчим ам.долларын аялал жуулчлалын салбарын бараа бүтээгдэхүүн борлуулагдана гэсэн тооцоолол гарсан. Аялал жуулчлалын санд хэдэн төгрөг төвлөрүүлэхийг тооцох боломжгүй байна. Шинэ хуулиар шинэ татварыг ногдуулах гэж байна. Тухайлбал, Казиногийн тухай хуулийг маргаашийн Засгийн газрын хуралдаанд нэмэлт асуудал болгон оруулах гэж байна. Морин бооцоот уралдааны хууль, Төлбөрт тааварт тоглоомын хууль багтсан. Казиногийн орлогын 40 хувийг улс өдөр бүр татвар болгон хурааж авах бол, морин бооцоот уралдаанд 70 хувийн татвар, төлбөрт тааварт тоглоомын 20 хувийг татвар хэлбэрээр авахаар тусгасан. Эдгээрээс илэрхий мэдэгдэж байгаа нь навигацийн орлогын 20 хувь гэдэг бол тогтмол улсын төсөвт бичигдсэн тоо. Агаарын тээврийн үнийг буулгах талаар хэлж мэдэхгүй. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн олширвол буух байх. Хамгийн хямд үнээр ямар ч визийн нөхцөлгүй ирдэг байх нь аялал жуулчлалын нэг хөшүүрэг байх болов уу.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Аялал жуулчлалын маршрутыг орон нутаг тогтооно гэж байгаа. Би эсрэг саналтай байна. Маршрутыг Байгаль орчны яам тогтоох хэрэгтэй. Зүүн, баруун бүст юу үзүүлэх юм. Маршрутыг төрийн байгууллага тогтоох хэрэгтэй. Монголд ирсэн хүмүүс юу үзэх юм. Бид юу үзүүлэх вэ гэдгийг сайн тодорхой болгомоор байна. Үндэсний авиа компаниа дэмжих чиглэлд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх. Үндэсний МИАТ компани үйл ажиллагаа нь зогсчих вий дээ. Сангийн зарцуулалтад ариун дагшин байгалийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр зарцуулдаг байх зүйл оруулмаар байгаа юм. Аялал жуулчлалын үйлчилгээ явуулж байгаа компаниуд яах юм бэ.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:  

-Монголд ирж буй жуулчдаас та бүхэн судалгаа авсан уу. Навигацийн орлогыг ирэх оны төсөвт 150 тэрбум гэж тооцож тавьсан. Иргэний нисэх 150 тэрбум төгрөг “хийж “чадах болов уу гэсэн айдастай байсан. НӨАТ-ын буцаан олголт бол шинэ зүйл биш. Монгол бол шоппинг хийх газар биш. Жуулчид ноолуур авдаг байх. Ариун цэврийн байгууламжийг татвараас нь хөнгөлөх биш, хөнгөлөлттэй зээлд хамруулж болох уу. Визний нөхцөлийг хөнгөрүүлсэн хууль эрх зүйн нөхцөлийг Х.Нямбаатар сайд батлуулж чадсан. Түрээс такс гэж байдаг гэж ойлгосон. Тэр тухай та бүхэн судалж үзсэн үү. Монголд ирсэн хүмүүс ам.доллар олдохгүй байгаа талаар ярьж байсан. Төлбөр тооцоонд асуудал үүсэх эрсдэл байгаа юу.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments