Хятадын Коммунист Намын 20 дахь Ардын Их Хурал аравдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ
Өчигдөр Хятадын Коммунист Намын 20 дахь Ардын Их Хурал эхэллээ.
- Хятадын Коммунист Нам (ХКН)-ын 20 дахь АИХ 2022 оны аравдугаар сарын 16-нд эхэлж, 22-нд өндөрлөх юм.
- АИХ-ын хувьд таван жилд нэг удаа болдог намын хурал юм.
- ХКН-ын хувьд нийт 96 сая гишүүд байдгаас 2,296 гишүүн төлөөлөгч уг АИХ-д оролцох юм байна. Дээрх АИХ-д оролцох төлөөлөгчдийг 2021 онд Хятадын муж, орон нутгийн намын байгууллагууд сонгож эхэлжээ.
- 20 дахь АИХ-аас Төв Хорооны гишүүдийг сонгоно. Энэ удаагийн АИХ-аар Төв Хорооны нийт гишүүдээс 171-г солих төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ гишүүдийг таван жил тутамд болох АИХ-аас сонгодог аж. Төв Хороо нь албан ёсоор ХКН-ын хамгийн дээд шатны шийдвэр гаргагч бүтэц юм.
- ХКН-ын дүрмийн дагуу Төв Хороо нь ХКН-ын Ерөнхий Нарийн Бичиг, Улс Төрийн Товчооны гишүүд, Байнгын Хорооны гишүүд болон Цэргийн Төв Хороог сонгох эрхтэй аж.
- Дараагийн ХКН-ын 21 дэх АИХ нь 2027 онд болно.
ХКН-ын 20 дахь АИХ-аас гарах шийдвэрүүдийн хүлээлт:
Ши Жиньпин даргыг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улируулан сонгох хүлээлттэй байна. Тэрбээр мөн 1982 оноос хойш ашиглаж байгаагүй ХКН-ын Төв Хорооны Хурлын Даргаар сонгох магадлал байгаа. Төв Хорооны Хурлын Даргын албан тушаал анх 1945 оны найм дахь АИХ-аар байгуулагдаж, 1982 оны 12 дахь АИХ-аар уг албан тушаалыг Ерөнхий Нарийн Бичиг болгон өөрчилж байсан түүхтэй. Уг албан тушаал нь Мао Зэдуний хашиж байсан хамгийн өндөр албан тушаал байжээ.
АИХ-аас мөн Сахилга Хяналтын Төв Хорооны гишүүдийг батлах юм байна. Сахилга Хяналтын Төв Хороо нь ХКН-ын гишүүд дунд дүрэм журам мөрдүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр байгуулагдсан. Анхны түүхийг сөхвөл 1927 онд “Хяналтын Төв Хороо” нэртэй байгуулагдаж байсан нь сүүлд 1978 онд 11 дэх Төв Хорооны хурлаар байгуулагджээ. Ши Жиньпин 2012 онд намын удирдлагад гарч ирснээр томоохон шинэчлэл хийж, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулах бүтцийг бүрдүүлсэн байдаг. Сахилга Хяналтын Хороо нь Ши Жиньпин намын удирдлагыг авснаас хойш идэвхтэй ажиллаж ирсэн байдаг.
АИХ дууссаны дараа “Тэг Ковид” бодлого цаашид хэрхэх нь тодорхой болно гэж шинжээчид үзэж байна.