Лэди Гагагийн нохдыг дээрэмдсэн этгээд 21 жилийн хорих ял сонсжээ
Дэлхийн хэмжээний поп од Лэди Гагагийн франц бульдог үүлдрийн нохдыг хулгайлахдаа салхилуулж явсан ажилтныг нь буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн онд гарч байжээ. Гэхдээ гэмт хэрэгтнүүд зориуд поп одын нохойг хулгайлах гээгүй, тохиолдлын чанартай үйлдэл байсныг сүүлд мөрдөж тогтоосон юм.
Даваа гарагт Лос Анжелес хотын шүүхээс гэмт хэрэгт оролцсон гурван хүний нэг болох Жэймс Ховард Жэксонд бусдын амь насанд халдахыг завдсан хэргээр 21 жилийн хорих ял оноожээ.
Хэрэг гардаг өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Жэксон болон түүний хоёр хамсаатан Холливүүд хотын гудамжаар франц бульдог нохой хайн автомашинтай зорчиж байсан тухай прокурорын бичиг баримтад өгүүлсэн байна. Ингэж явахдаа тэд Лэди Гагагийн гурван нохойг салхилуулж явсан Райан Фишертэй тааралджээ. Энэ үеэр Жэксон салхилуулагчийг буудаж шархдуулаад нохдоос хоёрыг булаан авч явсан нь ойролцоох хяналтын камерт бичигдсэн юм байна.
Тэд сүүлийн үед нохой сонирхогчдын дунд эрэлттэй байгаа франц бульдогийг өндөр үнээр зарах төлөвлөгөөтэй байжээ. Тухайн үед Лэди Гага алдагдсан нохдыг нь буцааж өгсөн хүнд $500,000-ын шагнал амлаж байжээ.
Хэд хоногийн дараа уг дээрмийн хэрэгт оролцсон этгээдүүдийн нэгнийх нь найз эмэгтэй нохдыг дуучин эмэгтэйд буцаан өгч байв. Хэрэг үйлдсэн гурван хүний нэг (нохдыг буцааж өгсөн эмэгтэйтэй тухайн үед найзалж байсан) энэ оны эхээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон бол нөгөөг нь шүүх хурал ирэх оны эхээр төлөвлөгдсөн байна.
Эх сурвалж: Associated Press