|

TIME: Шинэ Зеланд залуу хүмүүс тамхи худалдан авахыг хориглосон анхны улс боллоо

Өнгөрсөн мягмар гарагт (2022.12.13) Шинэ Зеланд улс залуу хүмүүсийг тамхи худалдан авахыг бүр мөсөн хориглосон хууль баталсан байна. Ингэснээр тус улс нь ийм хууль баталсан анхны орон боллоо. Тэрхүү хуулийн дагуу 2009.01.01 өдрөөс хойш төрсөн хүн тамхи худалдан авах боломжгүй аж. Харин тус хоригт электрон тамхи багтаагүй юм. Өнгөрсөн сард Шинэ Зеландын засгийн газраас гаргасан статистикаас харвал тус улсын хүн амын 8 хувь нь өдөр тутам тамхи хэрэглэдэг. Харин 8.3 хувь нь өдөр тутам электрон тамхи хэрэглэдэг аж. Тамхины хэрэглээ тус улсын уугуул иргэд болон Маоричуудын дунд өндөр байсаар байна. Маоричуудын 20 гаруй хувь нь тамхи хэрэглэдэг гэж асуулгад хариулжээ.

Шинээр баталсан хуулийн дагуу тамхи худалдаалах нас тус улсад жил ирэх тусам нэмэгдэнэ. Тухайлбал одоогоос 50 жилийн дараа тамхи худалдан авахыг хүссэн хүн өөрийгөө 63-аас дээш настай гэдгээ батлах ёстой аж. Гэхдээ эрүүл мэндийн албан тушаалтнууд тамхины хэрэглээ 50 хүрэхгүй жилийн дотор зогсоно хэмээн таамаглаж буй. Тус улс 2025 он гэхэд Шинэ Зеландыг тамхигүй улс болгох зорилт тавьсан байгаа билээ. Шинэ Зеландын ЭМЯ-ны дэд сайд Айеша Веррал тэрхүү хуулийг батлагдсаны дараа Парламентын өмнө үг хэлэхдээ “Хэрэглэдэг хүмүүсийнхээ талынх нь амийг авч оддог бүтээгдэхүүнийг худалдаалахыг зөвшөөрөх сайн шалтгаан огт байхгүй. Бид ирээдүйд тамхины хэрэглээг зогсоох болно гэдгээ хэлье” гэсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ тамхи худалдаалахыг зогсоох нь тамхины хэрэглээнээс болж үүсдэг хорт хавдар, зүрхний шигдээс, шигдээс болон эрхтэн тайрах мэс засал гэх мэт зүйлсэд зарцуулдаг тэрбум тэрбум долларын зарлагыг хэмнэнэ хэмээжээ. Шинэ Зеландын Парламент энэхүү хуулийг 76/43 гэсэн саналын харьцаатай зөвшөөрсөн байна. Харин тэрхүү хуулийг батлахыг Либераль чиглэлтэй “ACT” нам эсэргүүцжээ. Тамхи худалдаалахыг зогсоох нь жижиг дэлгүүрүүдийг дампуурахад хүргэнэ гэх мэт шалтгаан дурдаж эсэргүүцсэн юм.

Эх сурвалж: Time

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

  1. УДАХГҮЙ уушигнууд нь цоорч үхцгээх болно.. харжил байяа..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *