Ч.Өнөрбаяр: АН энэ ондоо багтаад эвлэрч, шинэ даргаа сонгоно

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

“АН-ын нэр бүхий гишүүд дарга больж тоглодгоо болих хэрэгтэй. Энэ талаар Дээд шүүх энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гаргасан. Гэвч дахиад ҮБХ-ны дарга гээд хүмүүс гараад ирчихсэн. Одоо нам даргагүй тохиолдолд 1000 удаа тамга тэмдэг дараад шийдэгдэхгүйг харлаа. Бодитоор нөхцөл байдлаа дүгнэх цаг болжээ. Тиймээс АН-ын зүгээс УИХ-ын АН-ын бүлэгтэй хамтраад намаа эвлэрүүлэх хүрээнд шинэ даргаа сонгох асуудалд ажлын хэсэг гаргасан. АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэг байр сууртай болсон. Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөх байх.

Удахгүй энэ ондоо багтаад дүрмийн дагуу ҮБХ-ны хуралдаанаа, дээд шүүхийн хуралдаанаас гаргасан шийдвэрт нийцүүлэх байдлаар шинэ даргаа сонгоод материалаа хүргүүлэхээр ажиллаж байна.

Нүүрстэй холбоотой асуудлаар АН-ыг байр сууриа илэрхийлээч ээ гэж хүмүүс хандаж байна. Мөн бизнесийн байгууллагыг дарамталдаг асуудлыг хөндөн тавихыг хүсч байна. Монголын ардчилал сөрөг хүчингүй явж болдоггүй юм байна. Ийм байдлаар цаашдаа явбал энэ хавар Монгол хоёр хэсэгт хуваагдах юм байна. Монголын ард түмэн ба МАН гэж хуваагдан нүүр тулах гэж байна. АН сөрөг хүчний байр сууриндаа очихын тулд эвлэрлийнхээ асуудлыг энэ ондоо багтаан шийднэ. Үүнээс гадна, Монголд нэг том буруу жишиг тогтлоо.

Улстөрчид хуулийн байгууллагын өмнөөс гэмт хэрэгтнийг зарладаг нь буруу жишиг. Цаашдаа эрх зүйт төртэй байя гэж бодож байгаа юм бол зарчимгүй байж болохгүй.

Хууль зүйн сайд нь Ерөнхий прокурорын ажил хийдэг, гишүүд нь мөрдөн байцаах ажил хийдэг улс болж хувирлаа. Монгол Улс Эрүүгийн хуулиас өөр ярих юмгүй боллоо. Энэ бол харамсалтай зүйл юм. Үнэхээр шалгаж байгаа бол прокурорын байгууллага мэдээлдэг байх хэрэгтэй. АТГ шилэн байдлаар мэдээлдэг болчих л доо. Сүүлдээ сайд нар гэмт хэрэг ярьдаг болж хувирлаа. Ингэх юм бол цаашдаа Монголд хуулийн засаглал тогтохгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *