Маргааш ес эхэлнэ
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог уламжлалтай. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог билээ.
- 1 ес, нэг есөд нэрмэл архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 22 – 12 сарын 30 хүртэл/
- 2 ес, хоёр есөд хорз архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 31- 01 сарын 08 хүртэл/
- 3 ес, гурван есөд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 09 – 01 сарын 17 хүртэл/
- 4 ес, дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 18 – 01 сарын 26 хүртэл/
- 5 ес, таван есөд тавьсан будаа хөлдөхгүй /үргэлжлэх хугацаа 01 сарын 27 – 02 сарын 04 хүртэл/
- 6 ес, зургаан есөд зурайсан зам гарна /үргэлжлэх хугацаа 02 сарын 05 – 02 сарын 13 хүртэл/
- 7 ес, долоон есөд довын толгой борлоно /үргэлжлэх хугацаа 02 сарын 14 – 02 сарын 22 хүртэл/
- 8 ес, найман есөд нал шал болно /үргэлжлэх хугацаа 02 сарын 23 – 03 сарын 03 хүртэл/
- 9 ес, есөн есөд ердийн дулаан болно /үргэлжлэх хугацаа 03 сарын 04 – 03 сарын 12 хүртэл/