Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ

Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг нийслэлийн халтиргаа гулгааг арилгахад анхаарч, оновчтой зохион байгуулалт хийж чадаагүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлөсөн байна. Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалт хийгээгүй, хугацаа алдсан гэх асуудал үүсжээ.

Д.Ганболдын тухайд 2016-2020 оны УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч баасан гарагт дүүргийн удирдлагуудтай уулзаж, “Даваа гараг гэхэд хотын халтиргаа, гулгааг бүрэн арилга” гэсэн үүрэг чиглэл өгсөн юм. Гэвч хотын даргын үүрэг, чиглэл өнөө ч биеллээ олоогүй, нийслэлийн халтиргаа, гулгаа багасаагүй хэвээр байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *