Англи улс эдийн засгаа сэргээхийн тулд Монгол Улстай адил ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулжээ
Засгийн Газрын Ээлжит Чуулганаар өнгөрөгч 2 дугаар сарын 17-ны өдөр ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ буюу цар тахлын улмаас доройтоод буй эдийн засгаа дэмжих зорилгоор гаргасан төслийг батлан, ажиллахаар шийдсэн билээ.
Уг зээлийн зориулалт нь зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан ямар ч жижиг дунд үйлдвэрлэл дурын банкнаасаа 500 хүртэл сая төгрөгийн зээлийг авч болох ба 3 жил хүртэл хугацаанд, 3 хувийн хүүтэйгээр эргэн төлөлт хийх боломжтой аж.
Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх ба Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгаа билээ.
Тэгвэл Их Британи улсын Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэмийг цуцалж эдийн засгаа нээхтэй холбогдуулан бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бизнесүүд £14 сая хүртэлх зээл авч болох юм.
Уг хөтөлбөрийг Их Британий төрийн өмчит хөгжлийн банк (British Business Bank) хэрэгжүүлэх бөгөөд арилжааны банкууд болон төрийн зөвшөөрөлтэй бусад зээлдэгч нар зээлийг олгоно. Мөн Засгийн Газрын зүгээс зээлийн үндсэн дүнгийн 80%-д балан даалт гаргаж өгнө. Хөтөлбөр энэ оны төгсгөл хүртэлх хэрэгжих бөгөөд зээлийн хүүг 14.99%-аар хязгаарлах юм.
Уг төлөвлөгөөг хэрэв ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ-тэй харьцуулвал:
Зээл хүсэгч нарт дараах үндсэн шаардлагыг тавьж байна:
Их Британи Улс
- Их Британи-д үйл ажиллагаа явуулдаг байх
- Хэрэв цар тахал болоогүй бол таны бизнес тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэдгийг батлах
- Цар тахал бизнест тань сөргөөр нөлөөлсөн байх
- Төлбөрийн чадваргүй болох эсвэл дампуурлаа зарлаагүй байх
Монгол Улс
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
- Энэ заалтын а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно.
Дараах салбарууд дахь бизнесүүдэд зээл олгохгүй:
Их Британи Улс
- Банкууд, барилгын нийгэмлэгүүд, даатгагч, давхар даатгагчид (гэхдээ даатгалын зуучлагч биш)
- Төрийн салбарын байгууллагууд
- Улсын бага, дунд сургуулиуд
Монгол Улс
- Төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус буюу бизнес-аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй тул хамрагдахгүй.
Эргэн төлөлтийн хүү:
Их Британи Улс: 14.99%
Монгол Улс: 3%
Эх Сурвалж: www.reuters.com