Нью-Йорк муж хүний шарилыг бордоо болгохыг хуулиар зөвшөөрлөө
Нью-Йорк муж нас барагсдын шарилыг бордоо болгохыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын зургаа дахь муж боллоо. Хүний цогцсыг хөрс, бордоо болгон хувиргах нь газарт оршуулах, чандарлахын оронд байгаль орчинд ээлтэй арга гэж үзэж буй.
Вашингтон муж 2019 онд тус аргыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болж байсан. Үүнээс хойш Колорадо, Орегон, Вермонт, Калифорни мужууд тус хуулийг баталсан.
“Органик оршуулга” гэгдэж байгаа энэ аргаар шарилыг задалж сайн чанарын бордоо гаргадаг. Ингэснээр ар гэрийнхэн нь талийгаачийн шарилаар хийсэн бордоог мод, ургамал, ногоо тарихад ашиглах боломжтой болно. Шарилыг задлахдаа тусгай зориулалтын битүү саванд модны үртэс, сүрэл өвстэй хамт хийж, халдварыг устгахын тулд халаах процессийг ашиглаж нэг сар орчмын дараа бүрэн задарч бордоо болдог байна.
Хүн бордоо нь чандарлах болон уламжлалт оршуулгатай харьцуулахад нэг тонн нүүрстөрөгчийг агаарт ялгаруулахаас сэргийлж чадах аж. Түүнчлэн оршуулгад ашигладаг авсыг хийхэд их хэмжээний мод тайрч, устгадаг тул бордоо болгох аргыг олон хүн дэмжиж байгаа аж.