БАЙР СУУРЬ: МАН ялагдсан ч шинэчлэл хийх үү?

ХБНГУ-ын улс төрийн Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сан, Ханс Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газруудын хамтран зохион байгуулсан “Монголын улс төрийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрөгч баасан гарагт болсон. Хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай, суудалгүй намуудын  төлөөлөл оролцож Монголын улстөрийн тогтолцооны өнөөгийн байдал, шинэчлэлийн талаар ярилцаж, Герман улсын туршлагаас сонссон юм. 

Монгол Улс Ром-Германы эрх зүйн системтэй, парламентын засаглалтай улсын хувьд ХБНГУ-ын улс төрийн намын болон сонгуулийн тогтолцооны сайн туршлагыг нэвтрүүлэх нь  үр дүнтэй гэдэг байр суурийг оролцогч талууд илэрхийлж байлаа.  Хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн зарим  оролцогч талуудын байр суурийг тоймлон хүргэж байна.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Тогтолцооны суурь болсон нам нь авлигыг гүйцэтгэгч, тээгч, үйлдвэрлэгч болчихоод байна

Илүү ухаалаг, үр дүнтэй ажиллаж байгаа тогтолцоог дэмжих хэрэгцээ байгааг судлаачдын зүгээс хэлсээр байна. Харамсалтай нь энэ тогтолцооны гол суурь болсон улстөрийн нам  өөрөө авлигын гүйцэтгэгч, тээгч, соёлыг гол үйлдвэрлэгч нь болчихоод байна. Энэ байдлаас  хэрхэн гарах вэ. Нам нь өөрөө авлигын сонирхолтой,  эрх бүхий хүмүүс нь авилгалч сонирхолтой учраас үр дагавар нь  хүссэн хүсээгүй авлига руу чиглээд байна.

Тэгэхээр улс төрийн намууд үнэхээр авилгалч суурьтай улстөрийн соёлоосоо татгалзах уу. Авилгалч соёлтой сонгуулиа зогсоохын тулд сонгуулийн томоохон өөрчлөлтүүдийг хийж чадах уу гэдгээ ярилцаж,  тохиролцох хэрэгтэй.

Үнэхээр энэ авилгал суурьтай соёлоосоо салъя гэдэг  нь  үнэн бол  улстөрийн намууд дотор оршсоор байгаа  нийтийн эрх, ашиг сонирхлоос хол, хэтэрхий боомилогдсон ёсзүйн ашиг сонирхлуудыг тээгч, тэдний эрхийг хамгаалагч дүр төрхөө, зохион байгуулалтаа ярих ёстой.Үндсэн хууль дээр УИХ-ын гишүүн тийм байна гээд бичээстэй байгаа боловч,  тэр УИХ-ын гишүүнийг гаргаж байгаа нам нь    мөрдөж чаддаггүй. Тиймээс  намын  хүлээх  үүргийг Үндсэн хуульдаа бичиж оруул гэж байгаа юм.

Олон нийтийн зүгээс ч “Нам нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж чадахгүй байна” гэдэг дохио өгсөөр байгаа. Тиймээс арга барилаа өөрчлөх л  шаардлага байна.

Нийтийн эрх ашиг сонирхолд ойр, авилгаас гадна байхын тулд санхүүгийн хувьд ил тод, үйл ажиллагааны хувьд нээлттэй, эрүүл байх хэрэгтэй. 30 гаруй нам байгаа ч ихэнх нь хувьчлагдсан, хувь иргэн болсон, хайрцаглагдсан, хаалттай нам болсон. Эрх баригч нам , их хуралд суудалтай намууд ч ялгаагүй  бүлгийн хэмжээнд хайрцаглагдсан, хаалттай . Ялангуяа Ардчилсан нам шинэ цус сэлгэх хэмжээний нээлттэй байж чадахгүй бол цаг үеэсээ арчигдахад ойрхон байна.

Намууд хэн нэгний дээр гарах гэж өрсөлдөхөөс илүү бодлогын хувьд хөгжиж, судалгаа тооцоогоор өрсөлдөхгүй бол нэг нэгээрээ үнэ цэнэгүй болж байна.

Ардчилсан арга замаар эрх мэдлийг авна гэж улстөрийн нам болж сонгуульд орчихоод үндсэн хуулийн бус зүйл яриад байгаа намуудыг яах вэ? Сүүлдээ бүр фашист нам болж эхэлж байна. Үндсэн хуулийн биш, ардчилсан тогтолцоотой харшилдаж байгаа  намуудыг цэгцэлж чадах уу. Ийм зоригтой нам байна уу. Үгүй бол сүүлдээ намуудын санаачилгаар энэ улс орныг ямар нэг улсын дагавар улс болгох гэж оролдох, тусгаар тогтнолыг зэрэмдэглэх, ардчилсан сонголтоос ухраах нөхцөлд хүргээд байна. Үндсэн хуулийн хяналтад улстөрийн намуудыг хэмжээ хязгаартай болгох зохицуулалтыг хийх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бодлого ярьдаг намгүй байж яаж хөгжил ярих юм бэ ?

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ бол Улсын их хуралд суудалтай, нийслэлд бүлэгтэй нам. Энэ хэрээр үйл ажиллагаа тэлж байна. Өнөөдөр Монгол Улсад бодлого, хөгжил ярьдаг институци байхгүй болсон. Жалга дов, уянгын халил ярьдаг. Гэтэл  Монгол Улс парламентын засаглалтай. Ардчиллаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхий ертөнц үүнийг шаардаж байна.

Хоёр улс авторитар дэглэмтэй боллоо.  Монгол Улс эсрэгээрээ олуулаа нийлж асуудлаа ярьдаг байхаас өөр сонголтгүй. Бодлого ярьдаг намгүй байж  яаж  хөгжил   ярих юм бэ. Парламентын  төсвөө баталдаг  онцгой эрх нь байхгүй болсон . Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалт 1.3 их наяд байхад, нууцалсан хөрөнгө нь 20 их наяд төгрөг байна шүү дээ. Монгол Улс хөгжлийн асуудал, санхүүжилт ярьдаг болъё гэвэл  том өөрчлөлт хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн тулд парламентийг бэхжүүлж, гишүүдийн тоог өсгөх хэрэгтэй. Тэгж байж 50 хувь нь бодлого ярьдаг, 50 хувь нь жалга довоо яриад явдаг болно. Манай нам ялах нь чухал биш. Намууд хуваагдаад хоорондоо нэгдэж чадахгүй, бодлогын зүйлсээ дэмжихгүй нэгнийхээ замыг хаагаад яваад байж болохгүй. Үр дүн нь баахан өр ширтэй.  30 тэрбум долларын өр нь өсөөд л яваад байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хувь улс төрч, олон популистуудыг төвхнүүлсэн, одоо зогсоох ёстой

Нэгдүгээрт иргэд сонголтоо хийхдээ намын   үзэл баримтлал, бодлогыг нь сонгодог байх ёстой. Үүнд  УИХ-ын  гишүүд, улстөрийн намууд манлайлах ёстой. Тиймээс бодлогын намыг дэмжих боломжийг олгоно. Парламентын  засаглалтай улс орны хувьд европ маягийн парламентийн засаглалтай улс орнуудын бодлогын намын хэв маяг илүү тохиромжтой.

Хэрэв БНСУ, АНУ улс шиг Ерөнхийлөгчийн  засаглалтай улс байсан бол хувь хүний хүчин зүйлс өндөр байна. Бид хувь улс төрч, олон популистуудыг төвхнүүлсэн. Одоо зогсох ёстой. Улстөрийн тогтолцоонд нам илүү чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр дотроо бодлогын нам болох ёстой. Тиймээс Германы улстөрийн намын суурь концефциудаас  нь бодлогын намыг дэмждэг, Бодлогын судалгааны хүрээлэн буюу Германы сангуудын үйл ажиллагааг оруулж өгч байна. Нам үзэл баримтлалын хувьд манлайлах ёстой. Үүний тулд ардчиллын үнэт зүйл болсон хүний эрхийн үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлдэг, залуу гишүүдээ дэмждэг, сургалт явуулдаг, бодлогын судалгаа хийдэг механизм хэрэгтэй.

Хоёрдугаарт намын санхүүжилтийг хариуцлагатай, шилэн, санхүүжилтийн зарцуулалтыг нарийн зааж өгдөг. Тухайн намд санхүүжилттай холбоотойгоор бусад эрүүгийн, иргэний хуулийн заалтыг оногдуулдаг. Авилгатай тэмцэх олон улсын байгууллагууд, залуусын туршлагаас үзэхэд улс төрийн намд олгож байгаа төрийн санхүүжилтийг нэмэх, намын санхүүжилтийн үлэмж хэсгийг гишүүдийнхээ бага дүнтэй татвараас санхүүжих энэ хоёр механизм асар чухал. Ингэж байж нам хувь компанидаа, аж ахуй нэгжийн эсвэл улстөрийн тохироо мөнгөнөөс ангижирдаг.

Гуравдугаарт нам нийгмийн бүлгүүдийн тэгш эрх чөлөөг хангадаг байх.  Намд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, эмэгтэйчүүд гээд шийдвэр гаргах түвшнээс доогуур байгаа бүлгүүдийн оролцоог хангасан дотоод механизм хүчтэй байх ёстой. 1990, 1991 онд байгуулагдаад нэг ч удаа их хурлаа хийгээгүй, бүртгүүлээд алга болчихсон нам ч бий. Тэгэхээр  нам гишүүдийнхээ  дунд  тайлангаа тавьдаг,  хурлаа хийдэг, дотоод ардчилалтай байхыг чухалчилна. Хэрэв намын удирдлага болохгүй бол гишүүдийнхээ хурлаар огцруулдаг, чөлөөлдөг, цус сэлбэдэг байх ёстой.  Ийм байж чадахгүй олон нам байна. Зөрчилтэй намуудад хариуцлага тооцох тогтолцоог мөн хуулийн төсөлд тусгаад явж байна.

 

Төгсгөлд нь олон нийт, сэтгүүлчдээс олонтаа тавьдаг “МАН үнэхээр шинэчлэл хийхийг хүсч байна уу, дараагийн сонгуульд ялах ялагдах нь хамаагүй юу” гэдэг асуултад хариулт өгье.

Өнгөрсөн 30 жилийн сонгуулийн мажоритор үр дүнгүүдийг харахад тухайн эрх барьж байгаа намд илүү ашигтай хувилбар.Монгол ардын нам 30 жил хугацаанд олон удаа эрх барьсан. Сүүлийн 2-т дараалан үнэмлэхүй олонхиороо эрх барьсан. Гэхдээ ялах бидний эцсийн зорилго биш.

МАН-ын хувьд ардчиллын богинохон туршлага дээрээ үндэслээд цаашид том реформ хийхгүй бол болохгүй юм байна гэдэг дээр  санал нэгдсэн.Удирдлагын бүх  түвшиндээ хурлууд хийлээ. Миний хувьд олон жил академик  түвшинд эрдэмтэн судлаачаар ажиллахдаа Монголын ардчилал парламентийг бэхжүүлэх   чиглэлээр   бодлогын зөвлөмж өгч ажиллаж байсны хувьд  намын шинэчлэлийг хийж чадна  гэдэгтээ итгэлтэй байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *