Ус бохирдож халдварт өвчин тархсан нь бидний буруу……

Нийтлэлийн гарчгийг хараад таны уур хүрч магадгүй. Гэхдээ бодит үнэн бол энэ. Бид өөрсдийн санаатай бол санаандгүй үйлдлээсээ болж хөрсөө бохирдуулж, улмаар нь бохирдсон хөрсөөр дамжин бидний ундны ус бохирдон олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог нь хэн хүний ойлгох энгийн зүй тогтол юм.

Өмнөх нийтлэлдээ бид “Inel Zaisan Village” хотхоны усны бохирдлын тухай асуудлыг хөндсөн. Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Inel Zaisan Village” хотхоны оршин суугчдад энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 7-14 хоногийн турш бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдэг илэрсэн.

 Ийм шинэ тэмдэгтэй оршин суугчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, гэр доторх уснаас нь муухай үнэр гарч эхэлсэн байна. Ийн   энэ гэдэсний өвчлөл нь уснаас болсон байх магадлалтай хэмээн оршин суугчид үзэж Усны газарт дээж хүргүүлэн шинжилгээнд хамруулжээ.  Тус хотхон нь төвийн усны шугамд холбогдоогүй учир гүний худгийн ус хэрэглэдэг аж. Ийн Усны газрын шинжилгээгээр “Inel Zaisan village” хотхоны гүний худгаас гурван төрлийн эмгэг, өвчин үүсгэгч нян, бактери илэрсэн билээ.

Ундны уснаас нь гэдэсний халдвар үүсгэгч нян, бактери илэрч, хотхоноороо өвчилсөн анхны тохиолдол нь энэ биш. Төвийн шугамтай холбогдоогүй гүний худагаас усаа авдаг хэд хэдэн хотхонд яг ийм асуудал үүсч байв. Мөн саяхан үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний 16 тохиолдол илэрсэн билээ.

Тэгвэл энэ бүхэнд хэн буруутай гэсэн асуултын хариулт нь “иргэн та”. Яагаад худгийн ус нянгаар бохирдсонд бид буруутай вэ гэдгийн учрыг энэ удаагийн нийтлэлээрээ тайлбарлая. Нийслэлийн хамгийн их санаа зовоосон асуудал болох хөрсний бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, жорлонгийн бохир ус халих зэрэг хүчин зүйл гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлдэг. Нүхэн жорлон хөрсийг бохирдуулснаар хөрсөөр дамжин урсаж байгаа гүний худгийн ус адилхан бохирдож байгаа гэдгийг ойлгоход их амархан.

Тиймдээ ч Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлэх, ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг зөв зайлуулах, орчныг цэвэр байлгах асуудлууд гарц шийдлээ хүлээж, эрүүл мэндэд аюул учруулсаар байгааг энэ оны зургадугаар сард болсон  “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганы оролцогчид анхааруулж байв.

 Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Хөгжиж буй орнуудад бүх өвчин эмгэгийн 80 хувь, нас баралтын гуравны нэг нь усны бохирдолтой холбоотой байдаг.  Манай улсад ч хүн амын ундны усны чанар, усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах нь чухал асуудлын нэг юм” гэж ярьсан юм.

Ц.Эрдэмбилэг зөвлөхийн ярьснаар манай улсад ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж барилга, байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулдаг нь ундны усыг бохирдуулах, улмаар ус хомсдох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тухайлбал, төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн 32 хувь нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөнөөс  ундны усанд аммиак, нитрит, нитрат зэрэг бохирдлын химийн үзүүлэлтүүд жил бүр нэмэгдсэн судалгаа гарчээ.

Харин ус бохирдуулагч үндсэн хүчин болох ариун цэврийн байгууламжийн асуудал нь айл, өрхийн түвшинд төдийгүй эрүүл мэндийн салбарт ч ялангуяа сумын эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудал хэвээр байна.

Гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрс, орчныг бохирдуулж улмаар гэдэсний халдварт өвчний тархалтад нөлөөлдөг. Тухайлбал, 2021 онд зургаан төрлийн гэдэсний халдварт өвчний нийт 1063 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4202 тохиолдлоор буурсан хэдий ч жил бүр энэ өвчний тохиолдол бүртгэгдсэн хэвээр байгааг ч зөвлөх Ц.Эрдэмбилэг тодотгосон юм.

Ийн ус бохирдож бидний эрүүл мэндэд аюул учрахаас урьдчилан сэргийлэх эхний алхам нь гэр хороололд амьдардаг иргэд нүхэн жорлонгийн сайжруулсан хувилбар болох эко ариун цэврийн байгууламжийг хэрэглэх, ил задгай бие засч, элдэв угаадас  асгахгүй байх, бүх төрлийн хог хаягдлыг хогийн саванд хаяж хэвших зэрэг энгийн дадал, хэвшил юм. Цэвэр ус хэрэглэхийг хүсч байгаа бол хөрсөө хайрлан хамгаалж, бохирдохоос сэргийлэхийг уриалж байна.

Similar Posts

One Comment

  1. Зайсанг төвлөрсөн цэвэр усны системд холбохгүй бол иргэд хохирч байна,… Анхнаасаа төлөвлөлтгүй олгосон газар, барьсан барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний буруутай уршигийг иргэд үүрч, хохирч байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *