Энэ онд евро 5, эко стандартын 600, цахилгаан 160 автобус орж ирнэ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд орон нутгийн өмчит 2 компани, хувийн хэвшлийн 16 баазаар дамжуулан иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн өөрийн хөрөнгөөр 415 автобусаар нийтийн тээврийн шинэчлэлийг хийсэн бол 2023-2024 ондоо багтаан Монгол Улсын Засгийн газар шинэ 810 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийхээр ажиллаж байна. Үүний тодорхой хувийг орон нутгийн өмчит компаниудад хуваарилах ч дийлэнх хувийг нийтийн тээврийн салбарын урсгал зардлыг бууруулах, иргэдэд ая тухтай бөгөөд нарийн цагийн хуваарийн дагуу үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох шаардлага шалгуурыг хангах хувийн хэвшилд хуваарилна.
Мөн нийтийн тээврийн салбарт төлбөрийн уян хатан системийг бий болгох шаардлага бидэнд тулгарсан. Учир нь, бага орлоготой улс орны иргэний дундаж цалингийн 0.1 хувь нь нийтийн тээврийн төлбөрт зарцуулагддаг бол манай улсын хувьд 3 дахин бага зардлаар зорчиж байна.
Дан ганц автобус үйлчилгээгээр бид нийтийн тээврийн салбарын хөгжлийг харах нь өрөөсгөл. Иймд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр судалгаа хийгдсэн, хэрэгжүүлэхэд бэлэн 2 төсөл бэлэн байна. Энэ чиглэлээр мөн хөрөнгө оруулагчдаас санал хүлээн авч бодлогын болон эдийн засгийн дэмжлэг үзүүлж ажиллана.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг эхлүүлээд байна. 2024 онд төсөл хэрэгжиж дуусах ба 4.2 км дүүжин замын тээвэр бий болсноор Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох ба авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулж эхэлнэ хэмээн тооцоод байгаа. Үүнтэй холбоотой Наадамчдын өргөн чөлөөг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор – Хар хорин автобусны буудал” чиглэлийн дагуу 2 буудал бий болж бизнесийн таатай орчин бүрдэх тул аж ахуйн нэгжүүд бизнесээ төлөвлөх буй за.
Үүнээс гадна төрөөс дэмжлэг үзүүлэн хөгжүүлэх нь такси үйлчилгээ юм. Одоогоор өдөр тутмын үйлчилгээнд 228 орчим такси явж байгаа ч 4000 таксины хэрэгцээ шаардлага байна. Мөн эдгээрийн 56 хувь нь 9-өөс дээш насжилттай бөгөөд 2023 онд үйлчилгээнээс хасагдах тоо баримт байна. Иймд өнөөдрийн байдлаар энэ салбарт маш амжилттай өсөжбуй UB cap төсөл болон түүний араас гарч ирэх такси үйлчилгээний шинэ төслийг дэмжиж, стандартыг нутагшуулах тал дээр Засгийн газраас хамтран ажиллана.
Авто замын түгжрэлийг бууруулахад хүчтэй нөлөөллийн нэг бол иргэдийн амьдралын хэлбэр, соёл юм. Өндөр хөгжилтэй орнуудын хотын дэд бүтэц нь өөрөө иргэдээ амьдралын зөв хэвшилд аваачдаг. Манай хот өнөөдөр тэр зүг рүү алхам алхмаар ойртох ёстой. Одоогоор нийслэл хот 72,3 км дугуйн замтай. Нэмж 55 км дугуйн болон явган хүний зам, 2,9 км унадаг дугуйн гүүрэн зам барихаар төлөвлөж байгаагаас 2023 онд 3.18 км дугуйн зам, 1.67 км гүүрэн зам байгуулна. Өөрөөр хэлбэл, дугуйн замын дэд бүтцийг төр үе шаттайгаар сайжруулна. Хувийн хэвшил Та бүхэн дугуй, скүүтэр үйлчилгээг нэвтрүүлэх, ая тухыг ханган хөгжүүлэх тал дээр хүч түрэн орж ирээрэй хэмээн урьж байна.
Харин хэрэглэгчдийн тоо нэмэгдэх тусам тэдний аюулгүй байдлын асуудал гарч ирч байгаа учир Үндэсний хороо үүн дээр онцгойлон анхааран ажиллаж байна.
Томоохон хөрөнгө оруулагчдад дуулгах ёстой нэг зүйл бол их багтаамжийн авто зогсоолын төсөл юм. Авто зогсоолоос үүдэн гардаг асуудлуудыг шийдвэрлэж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нь бидний төлөвлөгөөний нэг хэсэг. Нийт 62 байршлыг урьдчилан тодорхойлсноос 2023-2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой 15 байршил байна. Эдгээр байршлуудаас 2023 онд нягтаршил ихтэй бүс буюу их тойруу орчмын 2 байршилд 250-500 авто машины багтаамжтай, цахим системд холбогдсон давхар зогсоолыг төсвийн хөрөнгөөр болон төр хувийн хэвшлийн түншлэлийн журмаар байгуулахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байна. Үлдсэн 13 байршилд авто зогсоолын зориулалтаар төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчдыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
“Зам тээврийн нэгдсэн систем нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд хяналтын дэд систем хоорондын мэдээлэл солилцоог бий болгон тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг үүсгэн, нэгдсэн хяналтыг хэрэгжүүлнэ.Төслийн хүрээнд тээврийн хэрэгслийн зорчилтын өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулах, ухаалаг авто зогсоол, торгууль, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэх, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх нөхцөл бүрдэх юм. Уг төслийн бүрэлдэхүүн хэсэг болох RFID системболон тээврийн хэрэгслийн улсын дугаар таних камерыг суурилуулах, засвар үйлчилгээг тогтмол хариуцах, системийн ашиглалтыг хангах зэрэг ажлыг хувийн хэвшил хариуцан ажиллаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бас бий.
Олон улсын туршлагаас үзэхэд авто зогсоолын менежментийг оновчтой хэрэгжүүлэх, төлбөртэй зам, бүсийг бий болгох нь авто замын түгжрэлийг бууруулах аргуудын нэг болж байна. Үүний дагуу авто замын хөдөлгөөний ачаалалтай бүсийг тогтоож, тухайн бүсэд төлбөр ногдуулах, авто зогсоолын менежментийг дэмжих, нийтийн тээврийн сан бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийхээр Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлээс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Эцэст нь хэлэхэд, нэгдсэн бодлогогүй хот төлөвлөлт, хууль бус газрын наймааны үр дүнд өнөөдөр авто замын түгжрэл ийм хэмжээнд ирээд байгааг Та бид мэднэ. Гэхдээ түгжрэлийг маргааш, нөгөөдөр, дараа жил нэмж үүсгэхгүй байх, нэгэнт үүссэн түгжрэлийн шалтгааныг бууруулахаар нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр Монгол Улсын Засгийн газар,Үндэсний хороо, Нийслэлийн бүх шатны түвшинд хичээнгүйлэн ажиллаж байна. Үр дүн нь ирэх 2024 он гэхэд 50 хувь бууруулахаар зорьж байна.
Монгол улс төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд эдийн засгийн хүнд амаргүй цаг үеийг даван туулж байна. Энэ үед бид юу юунаас илүү хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дэмжих, уян хатан, найрсаг боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн шинэ хөшүүргийг бий болгох замаар энэ саарал үеийн даван туулж нийслэл хотоо, улс эх орноо хөгжүүлнэ.
2023 онд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц төвлөрлийг сааруулах, түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийн олон олон төслийг амжилттай эхлүүлж үр дүн гаргах болно гэдэг итгэлээр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд үгээ төгсгөе.
Та бүхэнд ажлын амжилтыг хүсье.