“Боловсролоор бизнес хийж буй хүмүүс хэн гэдгийг УИХ-ын чуулганы хуралдаанаас хараарай”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын үндсэн гадаад хэл англи хэл хэмээн хуулийн төсөлд заажээ. Үүнтэй холбогдуулан сүүлийн хоногт англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаарх хэлэлцүүлэг нийгмийн цахим сүлжээнд хүчтэй өрнөж байна.

УИХ-ын гишүүд мөн адил энэ асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим ертөнцдөө дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр:

“Боловсролын ерөнхий хуулийн төслийг яамнаас өргөн барьсан цагаас эхлэн УИХ-ын танхимд ашиг сонирхлын асар их зөрчилдөөн үүссэн, мөн байр суурийн бодлогын мэтгэлцээн ч тасралтгүй өрнөж өдий хүрсэн. Өнгөрсөн 30 жилд боловсролын салбарт ашгийн төлөөх хандлага давамгайлж, боловсрол бизнес болсны улмаас эцэг эх, гэр бүлийн орлогын ялгаа, нийгэм эдийн засгийн статусаас хамаарч хүүхэд бүр чанартай боловсрол олж авах байдал харилцан адилгүй болж тэгш бус байдал гүнзгийрсэн билээ.

Хэрэв бид одоо л боловсрол дахь тэгш бус байдлыг хязгаарлахгүй бол, нийтийн боловсролоо дэмжихгүй бол нэг их удахгүй Монголын нийгэм анги давхаргын асар их ялгаатай кастын нийгэм болж хувирах аюулд орно гэдгийг миний бие өнгөрсөн 3 жилийн турш Боловсролын хуулийн хэлэлцүүлэг, Ажлын хэсэг, олон нийтийн уулзалт, хэвлэл мэдээлэлд өгөх ярилцлагадаа дурьдаж ирсэн. УИХ-д бүх нийтийн сайн сайхны төлөө, боловсролоор бий болж байгаа тэгш бус байдлыг арилгахын төлөө дуугарч буй гишүүд нэлээд байгаа ч Ажлын хэсэг болон Байнгын хороон дээр бид цөөнх болсоор байна.
Өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Бүх нийтийн сайн сайхны төлөөх үйл хэрэг болох боловсролоор ашиг олж, бизнес хийхийг дэмжиж буй хүмүүс хэн гэдгийг та бүхэн олж харах байх. Өөрсдийнх нь хүүхдүүд цэцэрлэг, 1-р ангиасаа гадаад хэл үзэж, гадаад улсын боловсролын хөтөлбөрөөр сурч байгаа атал энгийн ардын хүүхэд үнэ төлбөргүйгээр сурч боловсрох, гадаад хэлийг үзье гэхээр эсэргүүцэж, нэгэнт бий болсон тэгш бус байдлыг тэр чигээр нь хадгалан үлдэхээр оролдож буйг Монголын олон нийт эрүүл саруул ухаанаар дүгнэх буй заа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *