|

20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд тавдугаар сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлөөд байна. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.

Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгсөн. Нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ. Тодруулбал, 20 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ.

“Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” аян үргэлжилж байна

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон юм. Энэ дагуу Нийслэлийн Боловсролын газраас “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” аяныг тавдугаар сарын 24-н хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 254 сургууль нэгдэж, өдгөө 187 мянган сурагч хамрагджээ.

Мөн авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын гол болон туслах гудамж, замуудын заадас засварын ажлын хүрээнд 23  гудамж, замд нийт 220,585 метр урт заадас засварлах ажил хийнэ. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн гол болон туслах 84 гудамж, замд 75 мянган ам метр хэвтээ тэмдэглэгээний ажил хийх юм. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан энэ жил тавьж байгаа авто замын мэдээллийг өгсөн бөгөөд Зайсангийн гүүрний ажил 47 хувьтай байна. Зорчих хэсгийг энэ жил нээхээр төлөвлөжээ.

Хан-Уул дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн 11 ажил хийнэ

Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв. Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа. Хотын дарга нийслэлээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, тус компаниудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тус дүүргийн 17, 23, 24-р хороонд улсын сургууль, цэцэрлэг байдаггүй. Иймээс дүүргийн удирдлагууд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлэхийг хүслээ. Хотын дарга төсөвт суулгахаар судалж, танилцуулахыг үүрэг болгов.

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил, ажлын явцын талаар Хотын дарга дүүргийн Засаг дарга нараас тодрууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч, гурван цэг байгуулахаар болжээ. Багануур дүүргийн тухайд түр худалдаа, үйлчилгээ эрхлэх хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн бол Налайх дүүрэг гурван байршлыг баталсан байна. Багахангай дүүрэг дөрвөн байршлыг тогтоож, одоогийн байдлаар хоёрт нь үйл ажиллагаа явуулж буй. Баянгол дүүрэг дөрвөн байршил гаргасан бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа, одоогийн байдлаар худалдаа эрхлээгүй гэсэн бол Баянзүрх дүүргийнхэн иргэдтэй уулзаж, санал авч байгаа гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн тухайд 15 иргэнд түр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүрэгт Ажлын хэсэг гарч, түр худалдаа, үйлчилгээ эрхлэх 15 байршил гаргаж, ил задгай худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүсийн судалгаа авч, зургаадугаар сарын 1-нээс үйлчилгээг эхлэхээр төлөвлөжээ. Хан-Уул дүүргийн хувьд хоёр байршил гаргасан, үйлчилгээг тавдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хотын дарга дүүргийн удирдлагуудыг иргэдтэй уулзаж, хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрч ажиллах хэрэгтэйг хэлж байв.

Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв.

Нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Судалгаагаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 144 мянган нүхэн жорлон тоологдсон. Ногоон бүсэд 37 мянга гаруй жорлон бий. Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Журмын төслийг боловсруулах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах ажил үргэлжилж байна” гэлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хувиар, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөлт хийсэн” хэмээв.

Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна

Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан иргэнийг аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 668, аврах ажиллагааны 73, нийт 741 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн үед амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Гал түймэр унтраах анги болон эргүүлийн бүрэлдэхүүн нийт найман удаагийн өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6.2 га талбай шатаж байсныг унтраасан. Мөн цаашид үер, усны эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ. Хотын дарга ч мөн энэ чиглэлд анхаарч, дүүргийн Засаг дарга нартай хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоол, хүнс үйлдвэрлэл болон барилгын салбарынхантай уулзсан. Улмаар аж ахуйн нэгжүүдээс 33 санал, хүсэлт гарсан бөгөөд Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж байгаа уулзалтын явц, үр дүн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар иргэдээс тогтмол санал асуулга авч, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж хэвшүүлэх ажлын талаар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат мэдээлэл өглөө.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврын өглөө. Тухайлбал,

  • Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, зөвшөөрөл олгох хурлыг 2023 оны тавдугаар сарын 15-наас олон нийтэд нээлттэй шууд дамжуулах ажлыг зохион байгуулах.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт, үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах.
  • Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлэх.
  • Зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
  • Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олныг хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
  • Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах. Мөн өнгөрсөн жил хэдэн мод тарьснаас хэд нь ургасан талаарх мэдээллийг танилцуулах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *