Үнэт металл, үнэт чулуу тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн бүтээлийг олон нийтэд дэлгэлээ
Үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, мөн энэ салбарын оролцогчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “Mongolian Jewellery and Metal Expo” үзэсгэлэн “Мишээл экспо” танхимд энэ сарын 13-16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус үзэсгэлэн нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд үнэт метал, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, уламжлагдан ирсэн соёлын өв тээгч, уран дархчууд, гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага иргэдийг нэгтгэн, салбарын нэгдсэн мэдээллээр хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг төр болон олон нийтэд сурталчлан таниулах, борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Соёлын яам, Стандарт, хэмжил зүйн газар болон холбогдох бусад байгууллагаас хамтран зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэнд Монголбанк дэмжигч байгууллагаар оролцож Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа болон алт худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.