Д.Тогтохсүрэн: Иргэд мажоратор буюу тойргоос сонгогдох гишүүдийн тоо давамгай байх ёстой гэсэн санал илэрхийлсэн тул энэ хувилбараар ярилцана
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор гишүүдийн саналыг сонслоо. Нэгдүгээрт, сонгуулийнг холимог тогтолцоог иргэд нэлээд сайн ойлгож байгаа учир холимог тогтолцоогоор зохион байгуулахад бололцоотой гэж үзэж байна. Сонгуулийн холимог тогтолцоог бүлгийн гишүүд дэмжиж байна. Ингэхдээ мажоритар тогтолцоо давамгайлах ёстой гэдгийг олонх нь хэлж байгаа юм. Иргэд мажоратор буюу тойргоос сонгогдох гишүүдийн тоо давамгай байх ёстой гэсэн санал илэрхийлсэн тул энэ хувилбараар ярилцана. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэдгийг бууруулах тухай хэлэлцлээ. Гуравдугаарт харьцааны тухайд мажоритар тогтолцоогоор сонгох харьцаа их байх нь зөв гэх чиглэлээр ярилцлаа. Үндсэн хуулийн асуудлаар эрх баригч намаас гадна парламентад суудалтай намууд заавал ойлголцолд хүрэх ёстой гэж үзэж байнаа. Тийм учраас АН, ХҮН намтай гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлаар зөвшилцөөд, дахин бүлгийн хурлаар ярилцаад эцэслэх нь зүйтэй гэж бүлгийн хурлаар үзлээ. Өнөөдөр юм уу маргаашдаа багтааж асуудлыг шийднэ. Тоо тогтсоны дараа дахин мэдээлэл өгнө.
Мөн гишүүд тойрогтоо ажиллаж байх явцад иргэдийн зүгээс амьжиргааны хүндрэлийг голчилж ярьсан. Үнийн өсөлтийн тухайд иргэд их бухимдаж байна. Тиймээс Засгийн газарт ойрын хугацаанд төсвийн тодотголыг судалж, тодорхой санал оруулж ирэх чиглэл өглөө. Харин хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй, бүх хүүхдэд олгоё гэж байгаа. Цалин тэтгэвэр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Инфляцыг тооцож байна.
Долдугаар сарын 1-нээс өмнөөс төсвийн тодотголын асуудлыг ярих төлөвлөгөөтэй байгаа” гэв.