УБТЗ-ын тээвэрлэсэн экспортын ачаа өмнөх оны мөн үеэс 96.2 хувиар өсжээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2023 оны эхний улирлын тээврийн төлөвлөгөө давж биелжээ. “УБТЗ” ХНН энэ оны эхний улиралд нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү байна. Нийт тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2.8 сая тонн ачаа, импортоор 782 мянган тонн ачаа, орон нутгийн 3.3 сая тонн ачаа, транзитаар 1.097 сая тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна. Экспортоор 2.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 96.2 хувиар илүү байгаа нь ковид цар тахлын улмаас буураад байсан манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байгаа аж. Тэрчлэн энэ нь УБТЗ-ын зүгээс экспортын тээврийн хэмжээг өсгөх үндсэн нөхцөл болох Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм. Мөн энэ оны эхний улиралд УБТЗ 490 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 42.7 хувиар илүү байна.