“Шинэ яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийн худалдан авах саналыг энэ сарын 23-аас авч эхэлнэ
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар www.dbm.mn цахим хуудсанд зарлал байршуулсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь авч үзвэл орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд байна. Тодруулбал,
- А zone – Ашиглалтад орсон 41ш орон сууц /119м2, 121м2, 257м2/, 6ш үйлчилгээний зориулалттай талбай, 16ш авто зогсоол – нийт 23.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө
- В zone – Дуусаагүй барилга 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 332ш авто зогсоол, газрын хамт – нийт 63.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө
Худалдан борлуулахаар нийтэд зарласан “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын хөрөнгөтэй холбоотой мэдээллийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан авах, эсвэл газар дээр очиж үзэх тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал тухайн байрлалд танилцуулж, үзүүлэх боломжтой.
Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 14:00 цагт нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулна. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм.
ХӨГЖЛИЙН БАНК НИЙТ 93 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАН БОРЛУУЛНА
Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь нэн чухал байна. Иймд чанаргүй зээлийн өр төлбөрт хүлээн авсан Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод шилэн байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна.
Хөгжлийн банкнаас нийт худалдан борлуулах 93 үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь ангилбал 53 нь орон сууц, 11 нь үйлчилгээний зориулалттай талбай, 16 нь авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нэг байгаа бөгөөд амины орон сууцны зориулалттай, долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээ, нэг блок буюу (332 ш) авто зогсоол, нэг газар байгаа юм.
Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.dbm.mn холбоосоор авна уу.
https://www.youtube.com/watch?v=nA5RvwhST-Y