Түрээслээд өмчлөх орон сууцны гэрээг шинэчилнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Анх 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан.  Нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр иргэдийг хамруулжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт ухаа-2” хороололд 290 иргэн 5 жилийн хугацаатайгаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг хүүгүй нөхцөлөөр бүрдүүлэхээр гэрээ байгуулсан байна. Энгийн түрээсийн 290 иргэн Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 25 дугаар тушаалаар батлагдсан түрээсийн 1мкв талбайг 6000 төгрөгөөр тооцон 3 жилийн хугацаанд түрээслэн амьдарсан. Гэвч гэрээний хугацаа дуусгавар болж, дахин сунгах боломжгүй болсон байна. Газрыг орон сууцаар солих арга хэмжээний тухайд 327 орон сууцад иргэдийг оруулсан. Харин чөлөөлөгдсөн газруудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг гарахад 3-5 жил шаардлагатай байгаа аж. Уг 972 айлын орон сууцаас орсон орлогоор уг барилгыг санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх боломжгүй болсон байна.

Тодруулбал, Хөгжлийн банкинд 25,3 тэрбум төгрөгийн зээлийн зөрчил үүсэж, өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 23,8 тэрбум төгрөгийн төлөлт  хийгдэж, үндсэн зээлээс 61,1 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Иймд цаашид энгийн түрээсээр амьдарч буй иргэдийн гэрээг шинэчлэн тогтоож, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлж, сул орон сууцыг худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа талаар танилцуулсныг төлөөлөгчид дэмжин хэлэлцлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудыг тогтоолоо

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан.  Эдгээр байршлыг тоог нэмэгдүүлж Чингэлтэй 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14,15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28,40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлыг тогтоохоор төсөл хэлэлцүүлснийг төлөөлөгчид дэмжлээ. Уг байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2023 оны байдлаар 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, 16,671 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм.

Мөн   хуралдаанаар нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг хэлэлцлээ. Одоогийн байдлаар 145 байршлын 227,97 га газар нийтийн эдэлбэрт газарт бүртгэгдсэн байдаг. 2023 онд нийтийн эдэлбэр газарт 47 байршлын 7,68 га газрыг нэмж бүртгэхээр төлөвлөснийг төлөөлөгчид дэмжиж шийдвэрлэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *