Мацуда Таданори: Японы ажиллах хүчний дутагдлыг мэдлэгтэй, чадварлаг Монгол залуус нөхөөсэй гэж хүсч байна
Монголын утга зохиол судлаач, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Япон улсын иргэн, ноён Мацуда Таданоритай ярилцлаа. Түүнийг Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүргэн гэдгээр нь уншигчид андахгүй болов уу. Тэрбээр Монгол залуусыг Японд ажиллаж мэдлэг, чадвараа нэмэгдүүлэн эх орноо хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулаасай гэсэн хүсэл тээн нэгэн томоохон төсөл эхлүүлсэн байна.
-Яг одоо Монголд оюутнууд их сургуулиа төгсөж шинэ боловсон хүчин зах зээлд орж ирж байгаа үе тохиож байна. Японд бас оюутнууд нь хавар их сургуулиа төгсдөг гэж сонссон. Ер нь Японд шинэ төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь хэр их вэ, ажлын байр хүрэлцээтэй байдаг уу?
-COVID-19 цар тахлаас үүдэн дэлхий даяараа эдийн засгийн хүнд байдалд орж, хүн болгон шахам гэртээ хоригдсон. Энэ үед хэцүү байсан ч их дээд сургуулийн оюутан, бага, дунд сургуулийн сурагчдын танхимын хичээл хэвийн үргэлжилснээрээ Монголоос ялгаатай. Үүний үр дүнд ихэнх төгсөгчид ажлаа олчихсон, ажиллах хүчин хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн. COVID-19-ийн үеэр бүх улс орон эдийн засгийн хүчээ алдсан ч хөл хорионы дараа Японы эдийн засаг маш хурдан сэргэсэн.
-Одоо 4-р курст сурч байгаа оюутнууд ирэх жилийн гуравдугаар сарын сүүлчээр төгсөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажилдаа орж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар тэдний 55 хувь нь ажлын байраа олчихсон байна. Ирэх жилийн гуравдугаар сард гэхэд энэ хувь 75 болж өсөөд дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүгд ажилдаа орчихсон байдаг.
Нэг төгсөгч нэр хүнд өндөртөй 4-5 компанид тэнцчихсэн тэдгээрээс сонголт хийдэг. Өмнө нь компаниуд ажилтныг сонгож авдаг байсан бол одоо оюутнууд ажиллах компаниа сонгож байна. Энэ нь Япон хөгжлийн шинэ шатандаа явж байгаагийн илрэл юм. Биднийг оюутан байхад ажилд орох гэж 1-5 төрлийн шалгалт өгдөг, дараа нь ярилцлагад ордог байсан.Одоо бол шууд компаниа сонгодог болсон байна.
-Шинэ төгсөгчид ажиллах компаниа сонгохдоо ямар шалгуурыг тавьж байна.Энэ талаар та судалсан уу?
-Оюутнууд ажлын байраа сонгохдоо дэлхийд алдартай, цалин өндөр, ажиллах нөхцөл сайтай, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог гэсэн шалгуурыг тавьж байна.Японд хэдэн мянган компани бий. Гэсэн ч төгсөгчид тоож очихгүй, ажиллах сонирхолгүй байгаагаас үүдэн ажиллах хүчингүй болсон олон компани байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг аваад үзвэл Японы хамгийн жижиг үйлдвэрлэлийн компани 300 ажилтантай. Дунд үйлдвэр нь 3000-аас дээш ажилтантай. Тиймээс чадварлаг, залуу ажилтан авахын төлөө жижиг компаниуд өрсөлдөж байна.
-Яг ямар чиглэлийн компаниуд ажиллах хүчнээр дутаж байгаа юм бэ?
-Хил нээгээд аялал жуулчлал дахин хөгжиж байна. Багадаа 10 сая Хятад иргэн аялал жуулчлалын зорилгоор Японд ирж байна. Үүний дараа Солонгос, Тайвань, Хонгконг, АНУ-аас жуулчид ирж байна. Тиймээс үүнийг дагасан сайн ажилчид зочлох үйлчилгээний салбарт хэрэгтэй. Японы сүүлийн үеийн залуучууд дэлхийд алдартай том том компаниудыг үүсгэн байгуулах мөрөөдөлтэй. Дан ганц их сургууль ч биш ахлах сургууль төгссөн хүүхдүүд хүртэл 100 хувь ажлын байраар хангагддаг. Энэ нь Монголоос ялгаатай.
-Энэ ажиллах хүчний дутагдалтай холбоотойгоор Япон гадаадаас ажиллах хүчин олноор нь авч байгаа юу. Сүүлийн үед Японыг зорих Монгол залуусын тоо ч нэмэгдэж байна?
-Японд аялал жуулчлал буцаад хөгжихөөр ажиллах залуу хүмүүс дутагдаад эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ууланд амьдардаг Непалууд олноороо орж ирж байна. Тэднийг үгэнд ордог, итгэл даадаг гэж үнэлж эхэлж байна. Индонез, Лаос гэсэн япончуудын мэддэггүй байсан орны хүмүүс их орж ирж байна. Жил бүр Японд 300 мянга орчим гадаад оюутан ирдэг. Яг одоогийн байдлаар Японд гурван сая орчим гадаад оюутан ажилладаг. Энэ зөвхөн мэдэгдэж байгаа тоо нь.Японд амьдрах виз авсан хүмүүсийн тоог оруулаагүй.
-Нэгдүгээрт, Солонгосчууд түрж орж ирж байна. Өмнөд Солонгосын их сургуулийн төгсөгчид нь Японы компаниудад ажиллах хүсэлтэй, үүний төлөө өрсөлддөг.Солонгос хүмүүс нэр төрөө эрхэмлэдэг учир дэлхийд нэртэй компанид орно гэсэн амбицтай байдаг. Дараа нь Хятад, Тайланд орж байна. 5-6 жилийн өмнөөс Вьетнамууд эрс нэмэгдсэн. Цалин өндөр, аюулгүй байдлыг сайн хангадаг, дэлхийд нэртэй учир тэд Япон компаниудад ажиллах сонирхолтой байдаг. Зам, гүүрийн ажил харахад хэцүү ч япончууд маш сайн хийхийн сацуу цалин нь дунджаар 3000-4000 ам.доллар байдаг. Үүнээс ч илүү өндөр цалин авдаг хүн бий.
Замын засвар хийх үед замын урсгал зохицуулаад зогсдог хүн өдөрт 700 мянган төгрөг авдаг. Цалинг нь хүнд нөхцөл гээд хуулиар тогтоосон учир заавал тогтсон цалингаа өгдөг. Тиймээс Япончууд ажиллах хүчин гадаадаас авахдаа чадвартай, биеэ зөв авч явдаг, ёс суртахуун төлөвшилтэй залуу хүмүүсийг л авч байна.
-Цалин хангамжаас гадна гадаадын залуус Японыг олноороо зорьж байгаагийн шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-Гадаадын залуучууд Япон руу яагаад ирж байна гэхээр нь нэгдүгээрт, цалин өндөр.Хоёрдугаарт, цэвэрхэн.Гуравдугаарт, аюулгүй байдлыг маш сайн хангадаг. Шөнийн 02:00-03:00 цагт ажилласан ч гэмтэх магадлал маш бага. Мөн гэмт хэргийн гаралт ч бага. АНУ-д баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг байдаг. Энэ ялгаа ихсэх тусмаа гэмт хэрэг нэмэгддэг. Америкт Азиуд, хар, цагаан арьстан гээд ангилчихсан байдаг бол Японд гадаад хүмүүсийг ад үздэггүй.
-Дэлхийн эдийн засагт Азиуд ноёрхох эрин үе хаалгаа тогшоод ирж байна. Хүн амаараа Азиуд дэлхийд ноёлчихлоо. Азийн орнууд маш хурдацтайгаар хөгжиж байна. Хүн ам өсч, үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж, залуучуудынхаа боловсролд эрчимтэй анхаарч байна. Вьетнам, Филиппин,Индонез гайхалтай хурдацтай хөгжиж байгаа.Гэхдээ эдгээр орнууд тоон үзүүлэлтээ олон нийтэд мэдээллэдэггүй байх.
–Гадаад ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн орчин Японд ямар байдаг вэ?
-Гадаадын чадвартай залуучуудыг Японд ажиллуулах талаар Японы Засгийн газар бодит арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ жилээс хуулиндаа гадаад ажилчид, гадаад хүмүүсийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах визний хөнгөлөлт үзүүлэх шинэ хууль батлах гэж байгаа.
Гадаадаас олон хүн ирж ажиллаж байгаа учир тэднийг хамгаалах хууль Японд хэрэгтэй. Энэ чиглэлийн том эрдэмтэд нэгдээд гадаад ажилчдыг хамгаалах хууль зайлшгүй шаардлагатай гэсэн саналыг УИХ-д өргөн барьсан. Итгэл найдвар тээгээд орж ирж байгаа залуучуудын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах нэгдсэн хууль батлахгүй бол болохгүй. Гадаадууд Японыг зорьж ирснээрээ эрх ашгаа зөрчүүлж болохгүй.
-Монгол залуус Японд ажиллах боломж хэр их вэ.Дэлхийн бусад орны залуустай өрсөлдөөд Японы нэр хүндтэй компанид ажиллахад бидэнд юу хэрэгтэй вэ?
-Биднийг бага ангид байхад л Чингис хааны тухай хичээл ордог, Чингис хааны тухай кино үздэг байсан. Тиймээс япончууд монголчуудыг өндөр ухамсартай, ёс суртахуунтай, боловсрол сайтай гэж үнэлдэг. Одоо бол Монгол гэхээр тэсвэр хатуужил, чадвараараа гарч ирсэн сүмочид санаанд буудаг. Сүмогоос өөр монголчуудын чадвараа харуулж байгаа салбар цөөн байна. Энэ алтан боломжийг монголчууд ашиглаж хичээх, мэрийх хэрэгтэй.
Монголчууд АНУ, Япон, Канадын том их, дээд сургууль руу улсын зардлаар явж байна. Төгсөхөөр нь монгол эцэг эхчүүд “Хурдан хүрээд ир” гээд Монголдоо дуудаад авчирдаг. Ингэхээр өндөр зарлага гаргасныхаа үр шимийг хүртэж чаддаггүй.Хүүхдээ гэсэн сэтгэлийг нь ойлгож байгаа ч хүүхдийнхээ ирээдүйд муу зүйл хийж байна гэж хардаг. Япончуудтай адилхан “Тэндээ ажилла, нэр хүндтэй компанид нь ажилд ор” гэж хэлэх ёстой.
-Хятад оюутнууд Япон оюутнуудтай адилхан суралцаж, том шалгалт өгч тэнцээд 10-20 жил цалин өндөр компанид ажиллаж мөнгөө хуримтлуулж ур чадвар эзэмшээд Хятаддаа буцаж очоод ажилладаг нь бахархмаар. Хятад асар хурдацтай хөгжиж байгаагийн нууц нь энэ. Ямар сургууль төгссөн гэсэн гадаад өнгөнд биш ямар чадвартай, орлого хэд, ямар орчинд ажиллаж байна гэсэн дотоод нарийн зүйлд анхаарах хэрэгтэй. Ямар ч улс орон юуг ч даван туулах чадварыг л хардаг.
-Та бол Монголыг 50 гаруй жил судалсан эрдэмтэн. Таныг анх манай улсад ирж байх үетэй харьцуулахад одоогийн Монгол хэр их өөрчлөгдсөн бэ?
-Би 1980 оны аравдугаар сард анх Монголд хөл тавьсан. Монголын талаар судалж эхлээд 50 жил өнгөрсөн байна. Хятадад одоо ч гарын үсгээ ч зурж чадахгүй олон тариачин бий. Бид гаднаас нь хараад мэдэхгүй ч ийм зүйл бодитоор бий. Тухайн үед Японоос Монголд ирэх хэцүү байлаа. Шууд нислэггүй, Хятадаар дамждаг байсан. Токиогоос Бээжин, Бээжингээс галт тэргээр Монгол руу ирдэг байсан. 1980 онд Монгол, Хятад хоёрыг харьцуулахад Монгол нь илүү тайван амгалан, ёс суртахуун, харилцаа хандлагаараа Хятадаас хамаагүй илүү байсан. Улаанбаатар их цэвэрхэн хот байлаа. Нарийн тоог нь мэдэхгүй ч Монголд бичиг үсэггүй хүн байхгүй байх. Монгол бол бичиг үсгийн соёлоо эрхэмлэж ирсэн ард түмэн. Гэхдээ 50 жилийн өмнөх Монголыг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хөгжил нь удааширч байна.
-Хөгжил нь удааширч байгаа гэдгийг та тодруулахгүй юу?
-Нэг хэсэг Монгол гэрлийн хурдаар хөгжиж байсан ч буцаад хурдацтайгаар уруудаад эхэллээ. Сүүлийн 2-3 жил яг ижил түвшинд л байна. Залуучууд дөрөвдүгээр сард Засгийн газрынхаа гадаа жагсаж байгааг хараад залуучуудын ухамсарт муу зүйл орж ирэв үү дээ гэж бодсон. Энэ нь гар утсаараа хэт их мэдээлэл авдагтай л холбоотой болов уу.
Монголд судлаачаар ажиллах хугацаанд сүүлийн жилүүдэд монголчуудаас урьд өмнө нь үзэгдээгүй сонин зан авир гарч байгаа. Тухайлбал, “Манай хүүхэд хэдэн саяын үнэтэй, тийм нэр хүндтэй их сургуульд суралцдаг” гэж ярьж байна. Гэвч хүүхэд нь тухайн сургуулиа төгсөөд хэр амжилттай явж байгаа нь чухал. Гадаад байдлаар өөрсдийгөө чимж байгаа энэ байдалд үнэхээр харамсаж байгаа. Том, нэртэй сургууль төгсөх нь сайн зүйл. Гэвч тэд улс орондоо ямар бүтээн байгуулалт хийж, дэлхийд ямар нээлт хийж байгаа нь одоохондоо мэдэгдэхгүй байна.
-Ямар ч өндөр хөгжилтэй оронд ажиллах шаардлагыг хангахын тулд нэгдүгээрт чадвар, хоёрдугаарт хичээл зүтгэл, гуравдугаарт нягт нямбай зан, дөрөвдүгээрт бүтээлч, танин мэдэхүйн ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Ямар ч зүйлийг мэрийлттэй, тууштай хийх нь чухал. Олон дээд сургууль төгссөн байх нь чухал биш.
-Ажиллах хүчний дутагдалтай байгаа Япон руу Монгол залуусыг олноор нь ямар нэгэн хүндрэлгүй явуулах тал дээр ямар бодлого хэрэгтэй юм бол?
-Япон улс хоорондын гэрээгээр Азиас олон ажиллах хүчин авч байгаа. Сонин дээр гарсан нийтлэлээс харахад ажиллах хүчний тоогоороо Монгол Японд аравдугаар зэрэглэлд орж байсан. Энэ нь тийм ч өндөр үзүүлэлт биш. Монголын улс төрчид ажиллах хүчний гэрээ хэлэлцээр хийх талаар ярьдаг ч бодит ажил хэрэг болгосон зүйл одоогоор байхгүй.
Одоо ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахуунаас дараа дараагийн Монгол хүнийг авч ажиллуулах эсэхийг шийддэг. Тиймээс одоо Японд ажиллаж байгаа монголчууд ухамсартай хичээнгүй сайн ажиллаж ажил олгогчдын итгэлийг олж чадвал дараа дараагийн ирэх монголчууддаа сайнаар нөлөөлж чадна.
-Таныг Монгол залуусыг Японд ажиллуулах чиглэлд ихээхэн анхаарахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?
-Монгол залуучуудыг улс орноо хөгжүүлэхээр хэмжээний түвшинд хүргэхийг маш их хүсч байна. Энэ боломж нээлттэй бий. Японд буудлын эзэд, үйлдвэрийн захирлууд гэсэн олон танил надад бий. Тиймээс монгол залуус бидний итгэлийг даагаад Японд очоод эдгээр газарт ажиллаасай, олон зүйл сураад ирээсэй гэж хүсч байна.
-Монгол хүн тэсвэртэй, юуг ч даван туулаад гардаг гэдгийг сүмочид батлан харуулсан. Тиймээс эрдэм мэдлэгтэй, чадварлаг Монгол залуусыг Японд ирж дан ганц сүмо гэлтгүй бусад салбарт ажиллаасай гэж хүсч байна. Залуус олж авсан мэдлэг чадвараа эх орондоо ашиглаасай гэж хүсдэг. Сурах, мэдлэгээ дээшлүүлэх гэдэг бол дээд сургуульд сурах, сурах бичиг үзсэнээр хязгаарлагдахгүй. Ихэнх зүйлийг хүн бие дааж суралцдаг. Сургууль, багш таван хувийг үлдсэн 95 хувийг хүн өөрийн хичээл зүтгэлээр олж авдаг.
-Таны хувь хүн талаас ганц, хоёр зүйл тодруулъя. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүргэн, Монголч эрдэмтэн гэхээс өөр таны тухай бид юу мэдэхгүй үлдсэн бэ?. Японд алдартай халуун рашаан судлаач гэж сонссон юм байна?
-Монголын тухай 30 гаруй ном бичсэн. Тэгэхээр Монголын тухай хамгийн олон ном бичсэн гадаад хүн ч байж мэднэ. Монголын уран зохиолын олон номыг орчуулж Япончуудад танилцуулсан. Монголын эртний уран зохиол судлаач эрдэмтэн Ц.Дамдинсүрэн болон орчин цагийн утга зохиол үндэслэгч Д.Нацагдоржийн зохиол бүтээлийг судалсан. М.Цэдэндорж, С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав гэсэн нэртэй зохиолчдын олон зохиолыг Япон хэл рүү орчуулсан. Тиймээс намайг Монголч эрдэмтэн, утга зохиол судлаач гэдгээр нь монголчууд мэднэ.
-Монголд ирэхээсээ өмнө байгаль, амьтдын зураг их авдаг байсан. Тэгээд энэ үедээ хөлөө гэмтээчихсэн юм. Эмчид очсон чинь “Эмнэлгээр явснаас халуун рашаанд орсон нь дээр” гэж зөвлөсөн. Ингээд Японд байхдаа халуун рашаанд их ордог байсан. Ийн Япондоо халуун рашаан судлаач эрдэмтэн гэдгээрээ алдаршсан. Дэлхийн хамгийн олон халуун рашаантай газар бол Япон. 30 мянга гаруй байгалийн, амьд халуун рашаан Японд бий. Өчнөөн олон сая хүн амтай Японы анхны халуун рашаан судлаач эрдэмтэн болсон. 15 мянга гаруй халуун рашаанд орж үзсэн. Нүдээ аниад орсон ч ямар нэртэй халуун рашаан гэдгийг шууд нэрлэж чадна. Хятад, Монголын том том халуун рашааныг ч судалсан. Сүүлийн 30 жилийн судалгааны 90 хувь нь халуун рашаан судлалд зарцуулагдсан. Харин одоо арай өөр зүйл хиймээр байна.
-Өөр зүйл гэдэг нь яг юу вэ?
-Монгол бол миний эхнэрийн төрсөн нутаг, миний хайртай орон. Би 14,15 настайгаасаа эртний Монгол уран зохиолыг судалж, орчуулж эхэлсэн. Ц.Дамдинсүрэн гуайтай биечлэн уулзаж байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жил халуун рашаанд төвлөрч ажилласан. Харин одоо бол нас ч өндөр боллоо, илүү бодитой зүйл Монголд хийе гэж бодож байна.
-Энэ ч утгаараа Монголд байгаа Д.Оюунбилэг захиралтай Гэйт олон улсын боловсролын төвийн зөвлөх профессороор ажиллаж байна.Гэйт олон улсын боловсролын төв 2013 онд байгуулагдсан. Хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх сургах, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
-Энэ жилээс Япон улсад зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг дадлагажуулах хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм. Тухайлбал, япон англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнүүд Япон улсын зочлох үйлчилгээний байгуулагуудад 2-3 жил дадлагажигчаар ажиллаад ирээд эх орондоо зочлох үйлчилгээний хүний нөөцийг бүрдүүлэхэд нь дэмжиж ажиллах гэсэн хэд хэдэн үйл ажиллагааг бид төлөвлөсөн.
С.ОТГОНСҮРЭН
where to buy priligy usa Venkadakrishnan VB, et al
Gion M, Mione R, Leon AE, Dittadi R where can i buy priligy The chromatograms were analyzed by using Peakfit 4