Н.Батсүмбэрэл: Зуслангийн бүсийн голын эрэг нурж, далан сэтэрч, цахилгаан тасарсан учир иргэдийг хот руу нүүхийг зөвлөж байна

Зуслангийн бүсэд цахилгааны шон унаж байгаатай холбоотойгоор эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс зуслангийн бүсийн цахилгааныг тасалжээ.Үүсээд буй нөхцөл байдлын талаар тухайн бүсэд ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээс бид мэдээллийг тодрууллаа.

Зуслангийн бүсийн айлууд усанд живсэн, цахилгаан тасарсан гэсэн мэдээлэл ирлээ. Тус бүсэд нөхцөл байдал одоо ямар байна вэ?

-Голын усны түвшин өчигдрийнхөөс 30-40 см-аар нэмэгдэж, урсац хурдан байна.Сэлбэ голын далан 4-5 газар сэтэрч зуслангийн бүсийн голын ойролцоох айл өрхүүд усанд автаад байна. Зуслангийн бүс дэх цахилгаан дамжуулах болон гэрэлтүүлгийн шонгууд нурж унасан. Үүнтэй холбоотойгоор зарим газруудын цахилгааныг хэсэгчлэн хязгаарлах ажлуудыг зохион байгуулж байна. Мөн усаар дамжиж цахилгааны аюул үүсэхээс сэргийлж цахилгааныг салгаж байна. Зуслангийн зарим айл цахилгаанаа газраас авсан байдаг. Далангийн сэтэрсэн хэсгүүд дээр даланг боох, шороо асгах зэргээр онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна.

-Зуслангийн бүс дэх иргэдийг эрсдэлээс сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Зуслангийн бүсэд эзэнгүй байшин олон бий. Тэдгээрийг хулгай болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллагын алба хаагч нар арга хэмжээ авч ажиллаж байна. Зуслангийн гол талдаа айлууд усанд автсанаас үүдэн нүүлгэн шилжүүлэхээс гадна иргэдийг хот руу нүүх зөвлөмжийг бид өгч байна. Хүүхдүүд олон байгаа учир аюулгүй байлгахад ихээхэн анхаарч байна. Голын эрэг нурж байгаа учир осол эндэгдэлд хүүхдүүдийг өртүүлэхгүйн тулд эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгөх чиглэлээр хорооны хэсгийн албан хаагчид мэдээлэл байнга өгч ажиллаж байна.

-Яг одоо зуслангийн бүсэд хэчнээн албан хаагч ажиллаж байгаа вэ?

-Чингэлтэй дүүргийн онцгой, цагдаа, ИТХ-ын Ажлын алба, орон нутгийн өмчит үйлдвэрлэлийн газрууд болон ААН гэсэн 200 орчим хүн, 40 техниктэй зуслангийн бүсэд ажиллаж байна.

.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *